Thursday, December 23, 2010

Үндэсний хувцасаа өмсөх өдөртэй болъё

2010 оны 5-р сарын 20
Үндэсний хувцасаа өмсөх өдөртэй болъё
Дэлхийн музейн өдөр өчигдөр тохиож, нийслэлд байрлах музейд хөл хөдөлгөөнтэй байлаа. Тэр дундаас Монголын үндэсний музейнхэн олон арга хэмжээ зохион байгуулж сурталчилсан юм. Нийслэлийн соёл, урлагийн газар, "Монгол костюмс", “Эра модель” агентлаг Үндэсний музейтээ хамтран зохион байгуулсан өдөрлөг морин хуурын тоглолтоор эхэлсэн.

Өдөрлөгийн арга хэмжээнд дээлтэй ирсэн хүнд Үндэсний музейг үнэ төлбөргүй үзүүлэх байсан тул хүүхэд, хөгшид үндэсний дээлээрээ гоёж ирсэн байлаа. Түүнээс гадна музейн ажилчид Монгол дээлээр гоёж, загвар үзүүлээд амжсан. Хуурын эгшгээр хөшгөө нээсэн өдөрлөг Монгол гэсэн бүхнийг шингээсэн үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.

Хүүхдүүд үндэсний хувцасны загвар үзүүлэв
Өдөрлөгийг сонирхохоор ирсэн хүүхдүүдийн дунд олон уралдаан болов. Юуны өмнө үндэсний соёл, түүх, зан заншлаа мэддэг эсэхийг шалгаж, үгийн сүлжээ бөглөх уралдаан зарласан юм. Энэ уралдаанаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зан заншил, үндэсний соёлоо тийм ч сайн мэддэггүй болох нь анзаарагдсан.

"Түүхээ мэдэхгүй бол..." гэдэг үг байдаг даа. Тэмцээн л юм болохоор нэг нь түрүүлж өдөрлөгийн ерөнхий идээн тэтгэгчээр оролцсон “Жүр үр” компанийн амтат бялуугаар шагнуулав. Түүний дараа Монгол дээлээрээ гоёсон хүүхдүүд бяцхан загварын шоу үзүүлэв. Төрөл бүрийн загвар хийцтэй Монгол дээлээр гоёсон хүүхдүүдийн үндэсний хувцасны шоуг гадаадын жуулчид шимтэн сонирхож байсан юм.

Загвар үзүүлсэн хүүхдүүдээс 24 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Э.Даваа-Очир шилдгээр шалгарч, шагнуулсан. Тэрбээр "Би үргэлж дээл өмсөхийг хичээдэг. Миний дээлийг эмээ маань хийж өгдөг. Үндэсний хувцсаа өмссөн хүн сайхан харагддаг. Хүмүүсийг ч гэсэн дээлээрээ гоёж байгаасай гэж хүсдэг" хэмээн хэлсэн юм.

Үндэсний өв бидний нүдээр
Олон улсын музейн өдөрт зориулан Монголын үндэсний музейтэй хамтарч ажилладаг улсын тэргүүний 24, 84, нэгдүгээр сургуулийн сурагчид "Бидний ертөнц" гар зургийн үзэсгэлэн нээсэн юм. "Үндэсний өв соёл бидний нүдээр" сэдвийн хүрээнд зурсан гар зургаас өнгө будгийн зохицол, хүүхдийн сэтгэхүйг харж болохоос гадна үндэсний өв соёлын тухай өнөөгийн хүүхдүүдийн санаа, бодлыг мэдэж болохоор байлаа.

Үзэсгэлэнд 24 дүгээр сургуулийн Б.Давааням багштай "Даль жигүүр" дугуйлангийн сурагчдын зураг голлох байр эзэлж байгаа бол 84 дүгээр сургуулийн сурагчдын уран хатгамал, шүрээр хийсэн эдлэл үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Мөн эдгээр сургуулийн сурагчид  "Музейд  төрсөн сэтгэгдэл" зохион бичлэг бичиж уралдсан.

Уралдаанд 70 гаруй бүтээл ирснээс 84 дүгээр сургуулийн 7ж ангийн сурагч Ж.Ариг-Ундрамын зохион бичлэг тэргүүн байрт шалгарчээ. Удаах байрыг 24 дүгээр сургуулийн 7г ангийн сурагч Б.Цэёнгочоо, 5в ангийн сурагч А.Номинцэцэг нар эзэлжээ.

Гар зургийн болон зохион бичлэгийн уралдаанд эхний байруудад шалгарсан сурагч Монголын үндэсний музейн боловсролын хөтөлбөрт хамрагдан "Гоо даам", "Каллиграф"-ын дугуйланд суралцах эрхээр шагнуулсан юм.

Үндэсний хувцсаараа бахархъя
Өдөрлөгийн үйл ажиллагаанд урлаг соёлынхон оролцож, ая дуугаа өргөлөө юм. Ардын дуу, хөөмий, уртын дуу гээд үндэсний гэсэн бүхэн "үнэртсэн" өдөрлөгт "Эра модель" агентлаг болон "Шилмэл загвар" төвийн загвар өмсөгчид хүрэлцэн ирж, үндэсний дээлний загвар хийцийг гайхуулсан юм.

Загварын үзүүлбэрийн түрүүнд "Эра модель" агентлагийн бяцхан загвар өмсөгчид тусгайлан зассан тайзнаа гарч, үзэгчдийг хөгжөөлөө. Түүний дараа тус төвийн загвар өмсөгчид орчин үеийн загвар бүхий Монгол дээлний үзүүлбэрийг толилуулсан.

Монгол дээлээр гоёсон, жуулчдад гайхуулсан өдөрлөгийн үеэр үндэсний хувцсаараа бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Эрдэмтэд лекц уншлаа

Өдөрлөгийн үеэр үндэсний хувцас судалдаг эрдэмтэд лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Чөлөөт ярилцлагаас олон шинэлэг санаа гарсан. Цаашид үндэсний хувцас өмсдөг өдөртэй байх санал ч гарч байлаа. Өдөрлөгийн үеэр Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, музейн өдөрлөгийг зохион байгуулагч Н.Нарангэрэлтэй цөөн хором ярилцсан юм.

-Дэлхийн музейн өдөр тохиож байна. Танай музейгаас энэ өдөрт зориулж жил бүр өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөгөөр юуг илүү гаргаж өгөхийг хичээсэн бэ?
-Дэлхийн бүх оронд 1977 оноос эхлэн музейн өдрийг тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг зөвхөн музейн хүрээнд биш нийгэмд хандсан үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэдэг юм билээ. Манай музей ч гэсэн тийм бодлого баримталж байгаа. Тиймдээ ч нийгэмтэйгээ холбосон арга хэмжээ зохион байгуулж байна. Монгол хүнтэй үндэсний хувцас салшгүй холбоотой байдаг. Тиймээс үндэсний хувцсаа сурталчилах            үүднээс өнөөдрийн арга хэмжээг монгол хувцасны өдөрлөг болгон тэмдэглэж байгаа юм.

-Өдөрлөгт дээлээр гоёж ирсэн хүн тийм ч олон харагдахгүй байх шиг?

-Музейн хамт олон өөрсдөө үндэсний хувцсаар гоёж, бусдад үлгэр дууриал үзүүлж байна. Ирсэн хүмүүс нь эхнээсээ яваад байгаа учир цөөн харагдаж байж магад. Харин ч нэг үеэ бодвол хүмүүс үндэсний хувцсаа өмсдөг болсон байна. Загварын агентлагууд үндэсний хувцасны загварын шоу үзүүллээ.

Монгол үндэсний хувцасны судалгаагаар олонд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд үндэсний хувцасны тухай лекц, ярилцлага хийсэн. Соёлын өвийн боловсролыг олгодог байгууллага бол музей. Тэр утгаараа хүүхдүүдийг илүү хамруулсан. Үндэсний хувцсаа цогцоор сурталчилж чадсан гэж бодож байна.
үзмэрийн шилжилт хөдөлгөөн


 
МХЕГ, НМХГ, Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвөөс 2010 онд Улс, аймгийн музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамтарсан шалгалт хийсэн дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Шалгалтад Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Монгол цэргийн музей, Уран зургийн галерей, Соёлын өвийн төвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, аймгийн музейнүүд хамрагдсан байна.

УМХГ-аас /хуучин нэрээр/ 2007-2008 оны музейн сан хөмрөгийн улсын тооллогоор “Сэргээн засварлах боломжгүй, хэт муудаж гэмтсэн, үзмэрийн шинж чанараа алдсан ан амьтан, өвс ургамлын хатаамал, хорхой шавьжны цуглуулга, бие даан үзмэр болж чадахгүй, бэлэг дурсгалын зориулалтаар үйлдвэрийн аргаар олон тоогоор хийгдсэн үзмэр, эд зүйлсийг тухайн музейн улсын тооллогын салбар болон төв комиссын саналын дагуу Соёлын яамны сайдын /хуучин нэрээр/1990 оны 335 дугаар тушаалаар батлагдсан “БНМАУ-ын музейнүүдийн сан хөмрөгийн тоо бүртгэл, эрдэм шинжилгээний тодорхойлолтын заавар”-ын 10.1, Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага. МNS 5634:2006.Монгол Улсын стандартын 12.4.14, 12.4.15 дахь заалтуудыг үндэслэн улс, аймгийн 27 музейн сан хөмрөгөөс нийт 4951 ширхэг үзмэрийг актлах, 25 музейн цуглуулгын чиглэлд нийцэхгүй, үзмэрийн шинж чанар, ач холбогдол багатай, сан хөмрөгт нь олон тоотой байгаа 18825 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг бусад музей, орон нутаг судлах танхим болон холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж, музейн сан хөмрөгийн бүтцийг чанаржуулах арга хэмжээ авах шаардлагатай” байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлтийг БСШУ-ны сайдад хүргүүлсэн билээ.
БСШУЯ улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнг 2008 оны 12 дугаар сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн “Улсын тооллогын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 80 дугаар тэмдэглэл, БСШУ-ны сайдын 2008.11.24-ны 94, 95 тоот тушаал гарч, “Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2009-2013/ батлан ажиллаж байна.
Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолын 4-д “2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргуулж, актлан устгах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо/Д.Сугар/, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосны дагуу БСШУ-ны сайдын 2009.02.10-ны өдрийн 50 тоот тушаалаар томилогдсон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ахлагчтай ажлын хэсэг музейн сан хөмрөгөөс хасах эд өлөгийн зүйлстэй танилцсан байна.
Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Соёлын өвийн төв, Үндэсний музей хамтран 2009 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-ны өдрүүдэд “Үзмэр шилжүүлэх, солилцох үзэсгэлэн” зохион байгуулжээ. Үзэсгэлэнд нийт 16 музей 9575 ш үзмэр авчирч оролцон, үүнээс 5419 ш үзмэрийг шилжүүлж, 4156 ш үзмэр үлдсэн байна. Үзмэрээ авчирч оролцсон 16 музей бусад газруудаас 1045 ш, үзмэр авах зорилгоор оролцсон улс, аймгийн 9 музей, Соёлын өвийн төв, хувийн 1 музей, 3 байгууллага, 11 сүм хийд бүгд 25 байгууллага 4375 ш үзмэр, нийтдээ 5420 ш үзмэр шилжүүлж авчээ.
БСШУ-ны сайдын 2008.11.28-ны “Улс, аймгийн музейн улсын тооллогын дүнгийн мөрөөр авах арга хэмжээний тухай” 94 тоот тушаалаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2.3, Засгийн газрын 2007 оны 11-р сарын 7-ны өдрийн хуралдааны 53 дугаар тэмдэглэл, Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнг үндэслэн “Улс, аймгийн музейн сан хөмрөгөөс сүм хийдэд болон бусад байгууллагад гэрээгээр үзмэр эзэмшүүлэх үйл ажиллагааг 2008 оны 12-р сарын 1-нээс эхлэн таслан зогсоохыг бүх музейн захирал нарт үүрэг болгож, улсын тооллогоос өмнө сүм хийдүүдэд эзэмшүүлж байгаа шашны эд өлгийн зүйлийг газар дээр нь үзэж үнэлгээ, дүгнэлт өгөх шинжээчийн багийг томилон ажиллуулжээ. Ажлын хэсэг 7 музейгээс 10 сүм хийдэд ашиглагдаж байсан нийт 3601 үзмэрээс 404 үзмэр үрэгдсэн болохыг тогтоож, 1195 үзмэрийг музейн сан хөмрөгтөө авах, сүм хийдэд 2002 үзмэрийг бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрлээ.
1. 2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байсан тул шалгалтын явцад зөвлөгөө өгч, шийдвэр гаргуулах арга хэмжээ авсан байна.
2. БСШУ-ны сайдын 2009 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 50 тоот тушаалаар томилогдсон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ахлагчтай ажлын хэсэг музейнүүдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн музейн сан хөмрөгөөс хасах эд өлгийн зүйлийг актлах ажлыг 2009 оны гуравдугаар сарын 10-ны дотор зохион байгуулах заалтыг хэрэгжүүлээгүй,
3. Улс, аймгийн музейнүүд 2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор хулгайд алдсан, дутсан, солигдсон нь тогтоогдсон 3000 гаруй үзмэрийг нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй,
4. Театрын музейн сан хөмрөгөөс дутсан зураач Г.Төмөр-Очирын “Багшийн хөрөг-Л.Гаваа” уран зургийг 2000 онд холбогдох шийдвэргүйгээр Дорноговь аймгийн музейд шилжүүлснийг, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргын 2010 оны 5/713 тоот албан бичгээр тус музейд шилжүүлэх тухай Театрын музейд мэдэгдсэн нь Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага. МNS 5634:2006. Монгол улсын стандартын”–ын 12.4.14,12.4.15 дахь заалтыг,
5. 2009 оны тавдугаар сард Уран зургийн галерейн удирдлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдийг хянан нягтлах шалгалтаар хэсэг Ц.Сүхээгийн “Дугуйлан”, Б.Лхагвасүрэнгийн “Түмний эх” бүтээлүүдийг хуулбар мөн болохыг тогтоосон байна. Мөн улсын тооллогоос хойш, гал гархаас өмнөх хугацаанд галерейн сан хөмрөгт хадгалагдаж байсан Б.Чогсом “Улаанбаатар”, М.Цэмбэлдорж “Сүүдэрт”, .Гаваа” Туул гол”, “Уул” Ц.Жамсран “Хараагийн хөндийн судалбар”, М.Бүтэмж “Эрдэнэтийг дархлагчид”, Н.Амгаланбаатарын “Өглөө”, До.Болдын “Зохиомж, Ц.Нарангэрэлийн “Төв цэцэрлэг” гэсэн 9 ширхэг бүтээл дутсан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2. 2 дахь заалтыг тус тус зөрчиж байна.
2008.07.01-ны олон нийтийг хамарсан үймээний үеэр гарсан гал түймэрт өртсөн Уран зургийн галерейн Уран зургийн сан хөмрөгийн тавиуруудыг бүрэн шинэчлэх, бүх талбайг цэвэрлэх зэрэг барилгын засвар 2009 оны 2 сард хийгдэж дууссан. Гэтэл 2009 оны тавдугаар сарын 19-ны үүрээр сан хөмрөгт гал гарч тэнд хадгалагдаж байсан 966 бүтээлээс 33 ш гэмтэж, 88 ш түлэгдсэн, 78 ш бүрэн бус шатаж, 661 ширхэг нь цэвэрлэж сэргээн засварлуулах шаардлагатай болж, 102 ш бүрэн шатсан байна. Монголын дүрслэх урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг алдартай бүтээлүүдийн нэг болох Г.Одонгийн /1971 он/ “Эх нутгийн дууль” бүрэн шатаж, Д.Амгалангийн /1979 он/ “Говийн эгшиг” зэрэг бүтээл тал шатсан байжээ.
Энэхүү гал түймэрт Галерейн 102 дэсийн 102 бүтээл, мөн сан хөмрөгт түр хадгалагдаж байсан гадаадын уран бүтээлчийн 3, зураач Өсөхбаярын 1 бүтээл нийт 106 бүтээл бүрэн шатаж үрэгджээ.
Музейнүүдийн Өмч хамгаалах байнгын зөвлөл Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.3.1, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоол, Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага. МNS 5634:2006. Монгол Улсын стандартын 12.4.14,12.4.15 дахь заалтуудыг үндэслэн УМХГ-ын улсын байцаагчийн 2008.11.28-ныУлс, аймгийн музейнүүдийн ерөнхий бүртгэлээс үзмэр, эд зүйл хасах тухай” 03/30/3970 тоот дүгнэлтэд шилжүүлэхээр тусгагдсан үзмэрүүдээс үлдсэн Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музейн 1832 ширхэг үзмэр актлахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна гэж үзжээ.
Мөн Богд хааны ордон музейн 11 ш, Монголын театрын музейн 324 ш, Чойжин ламын сүм музейн 16 ш Монгол цэргийн музейн 6 дэсийн 263, Уран зургийн галерейн 193 ш ширхэг үзмэрийг Эрдэнэ-зуу музей, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн музейгээс өөр байгууллагад шилжүүлээд үлдсэн 657 ш, нийт 1464 ширхэг үзмэрийг музейнүүдэд сан хөмрөгийн туслах болон аж ахуйн дансанд бүртгэн, үзмэр сэргээн засварлах, сургалт сурталчилгаанд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтын хэсэг БСШУЯ-наас музейн сан хөмрөгийн заавар, стандарт, музейн үзмэрийг сэргээн засварлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмуудыг яаравчлан боловсруулж, тэдгээрт үзмэрийн шилжилт хөдөлгөөний асуудлыг тодорхой тусган, музейн дотоод хяналтыг чангатгаж, үзмэрийн шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарч, монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, нөхөн төлүүлж, музейг хохиролгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, Музейн бие даасан хуультай болох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1 дэхь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.
Хурлаас улс, аймгийн музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогоор шилжилт хөдөлгөөн хийгдсэн үзмэрийн тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Төрийн өмчийн хороо, БСШУЯ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Музей-судалгаа, сургалт, сурталчилгааны төв болох нь” төвийн бүсийн 6 аймгийн музейн ажилтны сургалт. 2009.09.15 – 2009. 09. 18
Монголын Үндэсний Музейгээс улс аймгийн музейн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2009 онд зохион байгуулсан томоохон ажлуудын нэг нь  төвийн бүсийн 6 аймгийн музейн ажилтнуудыг хамруулан Баянхонгор аймгийн түүх угсаатны музей дээр зохион байгуулсан “Музей – судалгаа, сургалт, сурталчилгааны төв болох нь” сэдэвт  сургалт байлаа. Энэ оны 9 дүгээр сарын 15-17-ны хооронд зохион байгуулсан уг сургалтыг Монголын Үндэсний музейн захирал Ж. Саруулбуян, Арга зүйн албаны дарга М. Цэрмаа, арга зүйч Д. Бумаа, бүртгэл мэдээллийн санч  Л. Энхтуяа, санхүү аж ахуйн албаны ажилтан Д. Тогтохбаяр нар очиж зохион байгуулсан юм. Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, соёлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн болон албаны бусад хүмүүс бидний ажлыг дэмжиж оролцон ач холбогдол өгч байсанг тэмдэглэх нь зүйтэй.  Сургалтанд “Музей судалгаа, сургалт сурталчилгааны төв болох нь ” сэдвээр МҮМ-н захирал Ж.Саруулбуян “музейн дэглэлт ба бичмэл тайлбар” сэдвээр арга зүйч Д.Бумаа, “Музейн үзэсгэлэн, үзмэрийн судалгаа, сургалт сурталчилгааны ажлын талбар” сэдвээр арга зүйч М. Цэрмаа, “Түр үзэсгэлэн зохион байгуулах ажлын туршлагаас” сэдвээр Л. Энхтуяа тус тус мэдээлэл хүргэсэн нь оролцогч музейн ажилтнуудын анхаарлыг татсан цаг үеэ олсон мэдээлэл болсон юм. Сургалтанд Баянхонгор аймгийн музейн -7, Говь Алтай аймгийн мзейн -5, Архангай аймгийн музейн-5, Өвөрхангай аймгийн музейн -1, Булган аймгийн музейн -1, Хөвсгөл аймгийн музейн -1 нийт 25 хүн оролцсоны ихэнх нь музейн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад ихээхэн үүрэг бүхий эрдэм шинжилгээний ажилтан боловсрол, олон нийт, санхүү, захиргааны ажилтанууд байсан. Энэхүү сургалт уулзалтын хоёр дох өдөр Баянхонгор аймгийн байгалийн түүхийн музей дээр зохион байгуулсан “Музейн хөгжил, цаашид авах арга зам” сэдэвт онол практикийн бага хурал болж оролцогч музей бүр өөрсдийн үйл ажиллагаа, онцлог байдал, дутагдалтай болон давуу талуудаас танилцуулан хэлэлцүүлсэн. Ингэснээр музейн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахад ихэнх музейд тулгамдаад буй зарим асуудлыг онцлон зөвлөмж бичиж боловсруулан холбогдох дээд байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв. Энэ удаагийн төвийн бүсийн музейн ажилтнуудын сургалт уулзалт нь цөөн тооны тодорхой мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг хүргэсэн тул үр дүнтэй өндөр ач холбогдолтой ажил болсныг сургалтанд оролцогчид илэрхийлж байлаа.

Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, судалгаа ба тайлбарын тулгамдсан асуудал”
2009 оны IV сарын 30 –нд зохион байгуулсан музейн ажилтны сургалтанд оролцогч Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгэний ажилтан Ж. Баярсайханы “Музейн үзмэрт тодорхойлолт бичих зарим аргачлал хийгээд тулгарч буй бэрхшээлүүд ”,  Театрын музейн захирал Д. Цэдмаагийн “Сан хөмрөгөө тохижуулж цэгцлэх ажлыг юунаас эхлэх вэ”, Монголын үндэсний музейн арга зүйч Д. Бумаагийн “Музейн зохион байгуулалтын бүтэц ба цуглуулгатай ажиллах ажилтнуудын ажил үүрэг”, Соёлын өвийн төвийн УНБМСангийн мэрэгжилтэн Д.Нарантуяагийн “Бүртгэл мэдээллийн сангийн бүрдүүлэлт” , Монголын Үндэсний музейн сан хөмрөгч Н.Туяа “Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн орчин, түүнийг хянах тохируулах, харьцах ажиллагаа”, Монголын Үндэсний музейн  Ц. Оюунхишигийн “Музейн цуглуулгын бүртгэлийг BAR CODE системд кодчилох нь”, Үндэсний музейн бүртгэл мэдээллийн санч Б. Баасанжаргал “ Сан хөмрөгийн бүртгэл, бусад баримтыг бүрдүүлэх нь”, Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д. Эрдэнэчимэгийн “Сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангах журам”, “Монгол цэргийн музейн сан хөмрөгийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”, Соёлын дээд сургуулийн музей судлалын багш А.Янживын “Музейн боловсон хүчний нөөц ба мзейн хөгжлийн тулгамдсан асуудлууд”, Байгалийн түүхийн музейн Эрдэм шинжилгээ арга зүй сан хөмрөгийн тасгийн эрхлэгч Н. Жавзмаагийн “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг” сэдэвт лекцүүдийг тус тус хэвлэжээ. Дээрх лекц хичээлүүдээс гадна Байгалийн түүхийн музейн менежер Ж.Мяндасын сургалт семинарын үеэр хийсэн “Монголын музейнүүдийн холбоо” -ны тухай мэдээлэл болон энэ холбооны дүрмийг тус тус эмхтгэлд оруулсан болно. Уг эмхтгэлийг улс аймаг орон нутгийн музейн ажлын хэрэгцээнд үнэ төлбөргүй тарааж байна.
ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ИЛТГЭГЧИД

1    Ж. Саруулбуян:  МҮМ-н захирал - Монголын Үндэсний музейн бүтэц зохион байгуулалт, музейн тогтолцоо
Орон нутаг судлалын музейн хөгжлийн түүх, үйл ажиллагааны онцлог
2    М. Цэрмаа: Арга зүйн албаны дарга - Музейн хадгалалт хамгаалалтын асуудлууд: Стандартын хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах арга зам. 
3    Л. Энхтуяа - Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын албаны дарга.  Сан хөмрөгийн үйл ажиллагаатай холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт, архив, хамгаалалт, аюулгүй байдлын зарим асуудлууд
4    Б. Эрдэнэцэцэг: Сан хөмрөгч- Сан хөмрөгчийн ажил үүрэг, үзмэр эд өлгийн зүйлтэй зөв харьцах нь
5    Ж. Баярсайхан:  Эрдэм шинжилгээ судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга    Музейн судалгаа шинжилгээний ажил: сан хөмрөгийн сурталчилгаа, үзэсгэлэн зохион байгуулалт, дэглэх үйл ажиллагаа
6    М. Мөнгөнцэцэг: Музейн тайлбарлагч- Музейн боловсролын ажил, музейн үйлчилгээ, нийгмийн соёлын хэрэгцээ шаардлагыг хангах нь  
7    Ж. Баярсайхан: Эрдэм шинжилгээ судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга -  "Байгалийн цогцолборт газар, түүх соёлын үл хөдлөх өв дурсгалын хадгалалт хамгаалалтын талаар"
2010. 09. 08

Арга зүйн албаны үйл ажиллагаа – мэдээ мэдээлэл

 1. “Музейн үзмэртэй харьцах, үзмэрийн баримтжуулалт, зөв тодорхойлох нь” сэдэвт зүүн бүсийн музейн ажилтнуудын сургалт уулзалтыг зохион байгуулах зорилго нь төвөөс алслагдсан орон нутгийн музейн ажилтнуудыг мэргэжил - арга зүй, мэдээллээр хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, нөхцлийг хэлэлцэх, шийдвэрлэхэд холбогдох санал боловсруулахад  оршино.
   2. Уг сургалт уулзалтад тухайн музейн ЭША, Сан хөмрөгийн болон боловсролын ажилтнууд хамрагдах боломжтой.
   3. Сургалт уулзалтыг “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”, “Улс, аймгийн чанартай музейн дүрэм”, “Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага: Монгол улсын стандарт”, уулзалтын удирдамжийн хүрээнд зохион байгуулна.


Сургалт уулзалт зохион байгуулах ерөнхий чиглэл

   1. Сургалт нь 2010 оны 9 дүгээр сарын 21-нээс 23-ны хооронд Монголын Үндэсний музей Сүхбаатар аймгийн музей хамтран Сүхбаатар аймгийн Орон нутаг судлах музейд зохион байгуулна.
   2. Сургалтанд оролцогчдыг хүлээн авах, түр байрлуулах, сургалт болох танхим техник хэрэгслийг бэлтгэх ажлыг Сүхбаатар аймгийн музей хариуцна.
   3. Сургалт уулзалтанд оролцохоор ирсэн музейн ажилтнууд өөрийн музейн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл бэлтгэж ирэх / үйл ажиллагааны төрлүүд, орлого нэмэгдүүлэх боломж, орон нутгийн онцлогтой уялдан ажиллах, тулгамдсан асуудал зэргийг дурьдсан, зураг дүрс бичлэг, техникийн дэвшилтийг ашиглаж болно./
   4. Сургалт уулзалт 2010 оны 9 дүгээр сарын 21-нд Сүхбаатар аймгийн музейд эхэлж 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
   5. 2010 оны 9 дүгээр сарын 21-нд “Музейн үзмэртэй харьцах, үзмэрийн баримтжуулалт, зөв тодорхойлох нь”  сэдэвт нэг өдрийн сургалт, 9 дүгээр сарын 22-нд Сүхбаатар аймгийн музей үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох, тухайн орон нутгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалтай танилцах, тэдгээрийг хадгалж хамгаалах арга замын тухай олон улсын туршлагаас сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага. 23-нд сургалт уулзалтын хаалтын ажиллагаа орон нутгийн музейн ажилтнууд нутаг буцах 
   6. Сургалтанд оролцогсдод гарын авлага, сургалтын материал тараана.
   7. Сургалт уулзалтанд оролцсон ажилтнуудын томилолтыг Сүхбаатар аймгийн музейн захиргаа бөглөнө.


Зохион байгуулах комисс

МҮМ-н захирлын томилсон арга зүйн албаны дарга М. Цэрмаа, Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын албаны дарга Л. Энхтуяа, сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг, Сүхбаатар аймгийн музейн захирал Ж.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс сургалт уулзалт семинарыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөг гарган батлуулж, арга зүйгээр ханган зохион байгуулан, үйл ажиллагааны тайлангаа нэгтгэн МҮМ-н захиргаанд ирүүлнэ.
Холбогдох утас:     М.Цэрмаа – 93142732,99683311, Л. Энхтуяа – 99288184, Б.Эрдэнэцэцэг – 93142767, Жаргалсайхан – 015122146, 99519703
Комисс сургалт уулзалтанд хамрагдах ажилтнуудтай хамтарч ажиллана.

Сургалт уулзалтанд оролцох музейнүүд

   1. Байгууллагаа төлөөлөн музейн эрдэм шинжилгээ судалгаа болон сан хөмрөгийн ажилтнууд, боловсрол, олон нийтийн ажил зохион байгуулах дадлага туршлагатай, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажиллаж байгаа зэрэг сургалтын үр дүнг тухайн байгууллага дээрээ очоод хэрэгжүүлэх чадвартай музейн ажилтан байна.
   2. Музей тус бүр сургалт уулзалтанд хамрагдагч өөрийн ажилтны замын зардал томилолтыг бүрэн хариуцна.
   3. Сургалт уулзалтын үеэр зохион байгуулах арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинийг санаачлагч манлайлагч байна.
   4. Сургалт уулзалтын талаар санал хүсэлтээ нэгтгэн цаашид хийж  болох үйл ажиллагааны зөвлөмж гаргахад саналаа оруулна.

Сургалт уулзалтын үйл ажиллагааны үр дүнг тайлагнах
Сургалт семинар зохион байгуулах комисс нь явц үр дүнгийн тухай тайлан бичиж нэгтгэн 2010 оны 10 сарын 1-нд  МҮМ-н захиргаанд ирүүлнэ.

Сургалт уулзалтын ерөнхий хөтөлбөр
2010 оны 09 дугаар сарын 20. Даваа гараг:
•    МҮМ-н төлөөлөгчид Сүхбаатар аймаг руу явах
•    Сургалт уулзалтанд оролцогчдын бүртгэл, байршил. /Сүхбаатар аймгийн Орон нутаг судлах музей хүлээн авч зохион байгуулах/

2010 оны 9 дугаар сарын 21. Мягмар гараг
9:00  Үйл ажиллагааны нээлт: /үндсэн чиглэл, хөтөлбөрийг танилцуулах/
9:30 Сургалт:  лекц-3 хүн  /тус бүр 20-25 минут /
11:20 Завсарлага
11:40 Орон нутгийн музейн ажилтнуудын мэдээлэл: тус тусын үйл ажиллагаанд буй давуу талууд болон тулгамдсан асуудлуудын талаар урьдчилан бэлтгэсэн илтгэл- товч мэдээлэл /сургалт уулзалтын сэдвийн хүрээнд/
13:00 Үдийн цай
14:00 Сургалт: 3 лекц / МҮМ/
16:30 Цай / завсарлага
17:00 Ном сэтгүүл гарын авлага тарааж өгөх
Зөвлөмж удиртгалд санал өгөхөөр бэлтгэх
19:00 Оройн хоол

2010 оны 9 дугаар сарын 22. Лхагва гариг.
Сүхбаатар аймгийн музейн үүсэж хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох
16:00 Сүхбаатар аймгийн түүх соёлын үл хөдлөх өв дурсгалыг хадгалж хамгаалах асуудалууд: Олон улсын орон нутаг судлалын музейн үйл ажиллагааны талаарх лекц ярилцлага
17:00 Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээрх зарим түүх соёлын үл хөдлөх дурсгалтай танилцах
Оройн хоол
Амралт
2010 оны 9 дугаар  сарын 23 Пүрэв гариг.
Зөвлөмж гаргах. Орон нутаг судлалын мзейг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал: түүх соёлын үл хөдлөх өв дурсгалыг хамгаалах асуудалд
Хаалтын ажиллагаа
Буцах
Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, ижил төст байгууллагатай хамтран ажиллах нийгмийн сайн сайхны төлөө ажиллах олон талт үүрэгтэй. Одоо тус музей нь 50 гаруй ажиллагсадтай, эрдэм шинжилгээ судалгааны цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад, дотоодын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй амжилттай хамтран ажилладаг.

Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байлаа. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн 1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдсаны нэг нь Монголын Үндэсний Түүхийн Музей юм. Монголын археологи, түүх, угсаатны соёлыг цогц байдлаар дэглэн орчин үеийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэхэд анхаарч байлаа. 2008 оны хавар бид музейн статус, нэрээ шинэчлэн Үндэсний музей болон өргөжлөө. Монгол улсын засгийн газрын 2009.02.04-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Монгол төрийн түүхийн музей” Монголын Үндэсний Музейн харьяанд шинэтгэн байгуулагдсан. -Монголын үндэсний музейн харьяанд Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын үндсэн хэсэг болох Монгол төрийн түүхийн музей ажилладаг.


Одоо манай музейн гол зорилгын нэг нь гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн орчин үеийн үндэсний музейн жишигт хүрэх, музейг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн 17 оронд монголын соёл, түүхийн тухай өгүүлсэн 28 тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан.