Thursday, December 23, 2010

Үндэсний хувцасаа өмсөх өдөртэй болъё

2010 оны 5-р сарын 20
Үндэсний хувцасаа өмсөх өдөртэй болъё
Дэлхийн музейн өдөр өчигдөр тохиож, нийслэлд байрлах музейд хөл хөдөлгөөнтэй байлаа. Тэр дундаас Монголын үндэсний музейнхэн олон арга хэмжээ зохион байгуулж сурталчилсан юм. Нийслэлийн соёл, урлагийн газар, "Монгол костюмс", “Эра модель” агентлаг Үндэсний музейтээ хамтран зохион байгуулсан өдөрлөг морин хуурын тоглолтоор эхэлсэн.

Өдөрлөгийн арга хэмжээнд дээлтэй ирсэн хүнд Үндэсний музейг үнэ төлбөргүй үзүүлэх байсан тул хүүхэд, хөгшид үндэсний дээлээрээ гоёж ирсэн байлаа. Түүнээс гадна музейн ажилчид Монгол дээлээр гоёж, загвар үзүүлээд амжсан. Хуурын эгшгээр хөшгөө нээсэн өдөрлөг Монгол гэсэн бүхнийг шингээсэн үйл ажиллагаагаар үргэлжилсэн юм.

Хүүхдүүд үндэсний хувцасны загвар үзүүлэв
Өдөрлөгийг сонирхохоор ирсэн хүүхдүүдийн дунд олон уралдаан болов. Юуны өмнө үндэсний соёл, түүх, зан заншлаа мэддэг эсэхийг шалгаж, үгийн сүлжээ бөглөх уралдаан зарласан юм. Энэ уралдаанаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зан заншил, үндэсний соёлоо тийм ч сайн мэддэггүй болох нь анзаарагдсан.

"Түүхээ мэдэхгүй бол..." гэдэг үг байдаг даа. Тэмцээн л юм болохоор нэг нь түрүүлж өдөрлөгийн ерөнхий идээн тэтгэгчээр оролцсон “Жүр үр” компанийн амтат бялуугаар шагнуулав. Түүний дараа Монгол дээлээрээ гоёсон хүүхдүүд бяцхан загварын шоу үзүүлэв. Төрөл бүрийн загвар хийцтэй Монгол дээлээр гоёсон хүүхдүүдийн үндэсний хувцасны шоуг гадаадын жуулчид шимтэн сонирхож байсан юм.

Загвар үзүүлсэн хүүхдүүдээс 24 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Э.Даваа-Очир шилдгээр шалгарч, шагнуулсан. Тэрбээр "Би үргэлж дээл өмсөхийг хичээдэг. Миний дээлийг эмээ маань хийж өгдөг. Үндэсний хувцсаа өмссөн хүн сайхан харагддаг. Хүмүүсийг ч гэсэн дээлээрээ гоёж байгаасай гэж хүсдэг" хэмээн хэлсэн юм.

Үндэсний өв бидний нүдээр
Олон улсын музейн өдөрт зориулан Монголын үндэсний музейтэй хамтарч ажилладаг улсын тэргүүний 24, 84, нэгдүгээр сургуулийн сурагчид "Бидний ертөнц" гар зургийн үзэсгэлэн нээсэн юм. "Үндэсний өв соёл бидний нүдээр" сэдвийн хүрээнд зурсан гар зургаас өнгө будгийн зохицол, хүүхдийн сэтгэхүйг харж болохоос гадна үндэсний өв соёлын тухай өнөөгийн хүүхдүүдийн санаа, бодлыг мэдэж болохоор байлаа.

Үзэсгэлэнд 24 дүгээр сургуулийн Б.Давааням багштай "Даль жигүүр" дугуйлангийн сурагчдын зураг голлох байр эзэлж байгаа бол 84 дүгээр сургуулийн сурагчдын уран хатгамал, шүрээр хийсэн эдлэл үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Мөн эдгээр сургуулийн сурагчид  "Музейд  төрсөн сэтгэгдэл" зохион бичлэг бичиж уралдсан.

Уралдаанд 70 гаруй бүтээл ирснээс 84 дүгээр сургуулийн 7ж ангийн сурагч Ж.Ариг-Ундрамын зохион бичлэг тэргүүн байрт шалгарчээ. Удаах байрыг 24 дүгээр сургуулийн 7г ангийн сурагч Б.Цэёнгочоо, 5в ангийн сурагч А.Номинцэцэг нар эзэлжээ.

Гар зургийн болон зохион бичлэгийн уралдаанд эхний байруудад шалгарсан сурагч Монголын үндэсний музейн боловсролын хөтөлбөрт хамрагдан "Гоо даам", "Каллиграф"-ын дугуйланд суралцах эрхээр шагнуулсан юм.

Үндэсний хувцсаараа бахархъя
Өдөрлөгийн үйл ажиллагаанд урлаг соёлынхон оролцож, ая дуугаа өргөлөө юм. Ардын дуу, хөөмий, уртын дуу гээд үндэсний гэсэн бүхэн "үнэртсэн" өдөрлөгт "Эра модель" агентлаг болон "Шилмэл загвар" төвийн загвар өмсөгчид хүрэлцэн ирж, үндэсний дээлний загвар хийцийг гайхуулсан юм.

Загварын үзүүлбэрийн түрүүнд "Эра модель" агентлагийн бяцхан загвар өмсөгчид тусгайлан зассан тайзнаа гарч, үзэгчдийг хөгжөөлөө. Түүний дараа тус төвийн загвар өмсөгчид орчин үеийн загвар бүхий Монгол дээлний үзүүлбэрийг толилуулсан.

Монгол дээлээр гоёсон, жуулчдад гайхуулсан өдөрлөгийн үеэр үндэсний хувцсаараа бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Эрдэмтэд лекц уншлаа

Өдөрлөгийн үеэр үндэсний хувцас судалдаг эрдэмтэд лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Чөлөөт ярилцлагаас олон шинэлэг санаа гарсан. Цаашид үндэсний хувцас өмсдөг өдөртэй байх санал ч гарч байлаа. Өдөрлөгийн үеэр Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, музейн өдөрлөгийг зохион байгуулагч Н.Нарангэрэлтэй цөөн хором ярилцсан юм.

-Дэлхийн музейн өдөр тохиож байна. Танай музейгаас энэ өдөрт зориулж жил бүр өдөрлөг зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөгөөр юуг илүү гаргаж өгөхийг хичээсэн бэ?
-Дэлхийн бүх оронд 1977 оноос эхлэн музейн өдрийг тэмдэглэдэг болсон юм. Энэ өдрийг зөвхөн музейн хүрээнд биш нийгэмд хандсан үйл ажиллагаа зохион байгуулж тэмдэглэдэг юм билээ. Манай музей ч гэсэн тийм бодлого баримталж байгаа. Тиймдээ ч нийгэмтэйгээ холбосон арга хэмжээ зохион байгуулж байна. Монгол хүнтэй үндэсний хувцас салшгүй холбоотой байдаг. Тиймээс үндэсний хувцсаа сурталчилах            үүднээс өнөөдрийн арга хэмжээг монгол хувцасны өдөрлөг болгон тэмдэглэж байгаа юм.

-Өдөрлөгт дээлээр гоёж ирсэн хүн тийм ч олон харагдахгүй байх шиг?

-Музейн хамт олон өөрсдөө үндэсний хувцсаар гоёж, бусдад үлгэр дууриал үзүүлж байна. Ирсэн хүмүүс нь эхнээсээ яваад байгаа учир цөөн харагдаж байж магад. Харин ч нэг үеэ бодвол хүмүүс үндэсний хувцсаа өмсдөг болсон байна. Загварын агентлагууд үндэсний хувцасны загварын шоу үзүүллээ.

Монгол үндэсний хувцасны судалгаагаар олонд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд үндэсний хувцасны тухай лекц, ярилцлага хийсэн. Соёлын өвийн боловсролыг олгодог байгууллага бол музей. Тэр утгаараа хүүхдүүдийг илүү хамруулсан. Үндэсний хувцсаа цогцоор сурталчилж чадсан гэж бодож байна.
үзмэрийн шилжилт хөдөлгөөн


 
МХЕГ, НМХГ, Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвөөс 2010 онд Улс, аймгийн музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамтарсан шалгалт хийсэн дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Шалгалтад Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Монгол цэргийн музей, Уран зургийн галерей, Соёлын өвийн төвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, аймгийн музейнүүд хамрагдсан байна.

УМХГ-аас /хуучин нэрээр/ 2007-2008 оны музейн сан хөмрөгийн улсын тооллогоор “Сэргээн засварлах боломжгүй, хэт муудаж гэмтсэн, үзмэрийн шинж чанараа алдсан ан амьтан, өвс ургамлын хатаамал, хорхой шавьжны цуглуулга, бие даан үзмэр болж чадахгүй, бэлэг дурсгалын зориулалтаар үйлдвэрийн аргаар олон тоогоор хийгдсэн үзмэр, эд зүйлсийг тухайн музейн улсын тооллогын салбар болон төв комиссын саналын дагуу Соёлын яамны сайдын /хуучин нэрээр/1990 оны 335 дугаар тушаалаар батлагдсан “БНМАУ-ын музейнүүдийн сан хөмрөгийн тоо бүртгэл, эрдэм шинжилгээний тодорхойлолтын заавар”-ын 10.1, Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага. МNS 5634:2006.Монгол Улсын стандартын 12.4.14, 12.4.15 дахь заалтуудыг үндэслэн улс, аймгийн 27 музейн сан хөмрөгөөс нийт 4951 ширхэг үзмэрийг актлах, 25 музейн цуглуулгын чиглэлд нийцэхгүй, үзмэрийн шинж чанар, ач холбогдол багатай, сан хөмрөгт нь олон тоотой байгаа 18825 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг бусад музей, орон нутаг судлах танхим болон холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж, музейн сан хөмрөгийн бүтцийг чанаржуулах арга хэмжээ авах шаардлагатай” байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлтийг БСШУ-ны сайдад хүргүүлсэн билээ.
БСШУЯ улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнг 2008 оны 12 дугаар сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн “Улсын тооллогын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 80 дугаар тэмдэглэл, БСШУ-ны сайдын 2008.11.24-ны 94, 95 тоот тушаал гарч, “Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2009-2013/ батлан ажиллаж байна.
Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолын 4-д “2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргуулж, актлан устгах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо/Д.Сугар/, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосны дагуу БСШУ-ны сайдын 2009.02.10-ны өдрийн 50 тоот тушаалаар томилогдсон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ахлагчтай ажлын хэсэг музейн сан хөмрөгөөс хасах эд өлөгийн зүйлстэй танилцсан байна.
Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Соёлын өвийн төв, Үндэсний музей хамтран 2009 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-ны өдрүүдэд “Үзмэр шилжүүлэх, солилцох үзэсгэлэн” зохион байгуулжээ. Үзэсгэлэнд нийт 16 музей 9575 ш үзмэр авчирч оролцон, үүнээс 5419 ш үзмэрийг шилжүүлж, 4156 ш үзмэр үлдсэн байна. Үзмэрээ авчирч оролцсон 16 музей бусад газруудаас 1045 ш, үзмэр авах зорилгоор оролцсон улс, аймгийн 9 музей, Соёлын өвийн төв, хувийн 1 музей, 3 байгууллага, 11 сүм хийд бүгд 25 байгууллага 4375 ш үзмэр, нийтдээ 5420 ш үзмэр шилжүүлж авчээ.
БСШУ-ны сайдын 2008.11.28-ны “Улс, аймгийн музейн улсын тооллогын дүнгийн мөрөөр авах арга хэмжээний тухай” 94 тоот тушаалаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2.3, Засгийн газрын 2007 оны 11-р сарын 7-ны өдрийн хуралдааны 53 дугаар тэмдэглэл, Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнг үндэслэн “Улс, аймгийн музейн сан хөмрөгөөс сүм хийдэд болон бусад байгууллагад гэрээгээр үзмэр эзэмшүүлэх үйл ажиллагааг 2008 оны 12-р сарын 1-нээс эхлэн таслан зогсоохыг бүх музейн захирал нарт үүрэг болгож, улсын тооллогоос өмнө сүм хийдүүдэд эзэмшүүлж байгаа шашны эд өлгийн зүйлийг газар дээр нь үзэж үнэлгээ, дүгнэлт өгөх шинжээчийн багийг томилон ажиллуулжээ. Ажлын хэсэг 7 музейгээс 10 сүм хийдэд ашиглагдаж байсан нийт 3601 үзмэрээс 404 үзмэр үрэгдсэн болохыг тогтоож, 1195 үзмэрийг музейн сан хөмрөгтөө авах, сүм хийдэд 2002 үзмэрийг бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрлээ.
1. 2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байсан тул шалгалтын явцад зөвлөгөө өгч, шийдвэр гаргуулах арга хэмжээ авсан байна.
2. БСШУ-ны сайдын 2009 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 50 тоот тушаалаар томилогдсон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ахлагчтай ажлын хэсэг музейнүүдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн музейн сан хөмрөгөөс хасах эд өлгийн зүйлийг актлах ажлыг 2009 оны гуравдугаар сарын 10-ны дотор зохион байгуулах заалтыг хэрэгжүүлээгүй,
3. Улс, аймгийн музейнүүд 2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор хулгайд алдсан, дутсан, солигдсон нь тогтоогдсон 3000 гаруй үзмэрийг нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй,
4. Театрын музейн сан хөмрөгөөс дутсан зураач Г.Төмөр-Очирын “Багшийн хөрөг-Л.Гаваа” уран зургийг 2000 онд холбогдох шийдвэргүйгээр Дорноговь аймгийн музейд шилжүүлснийг, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргын 2010 оны 5/713 тоот албан бичгээр тус музейд шилжүүлэх тухай Театрын музейд мэдэгдсэн нь Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага. МNS 5634:2006. Монгол улсын стандартын”–ын 12.4.14,12.4.15 дахь заалтыг,
5. 2009 оны тавдугаар сард Уран зургийн галерейн удирдлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдийг хянан нягтлах шалгалтаар хэсэг Ц.Сүхээгийн “Дугуйлан”, Б.Лхагвасүрэнгийн “Түмний эх” бүтээлүүдийг хуулбар мөн болохыг тогтоосон байна. Мөн улсын тооллогоос хойш, гал гархаас өмнөх хугацаанд галерейн сан хөмрөгт хадгалагдаж байсан Б.Чогсом “Улаанбаатар”, М.Цэмбэлдорж “Сүүдэрт”, .Гаваа” Туул гол”, “Уул” Ц.Жамсран “Хараагийн хөндийн судалбар”, М.Бүтэмж “Эрдэнэтийг дархлагчид”, Н.Амгаланбаатарын “Өглөө”, До.Болдын “Зохиомж, Ц.Нарангэрэлийн “Төв цэцэрлэг” гэсэн 9 ширхэг бүтээл дутсан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2. 2 дахь заалтыг тус тус зөрчиж байна.
2008.07.01-ны олон нийтийг хамарсан үймээний үеэр гарсан гал түймэрт өртсөн Уран зургийн галерейн Уран зургийн сан хөмрөгийн тавиуруудыг бүрэн шинэчлэх, бүх талбайг цэвэрлэх зэрэг барилгын засвар 2009 оны 2 сард хийгдэж дууссан. Гэтэл 2009 оны тавдугаар сарын 19-ны үүрээр сан хөмрөгт гал гарч тэнд хадгалагдаж байсан 966 бүтээлээс 33 ш гэмтэж, 88 ш түлэгдсэн, 78 ш бүрэн бус шатаж, 661 ширхэг нь цэвэрлэж сэргээн засварлуулах шаардлагатай болж, 102 ш бүрэн шатсан байна. Монголын дүрслэх урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг алдартай бүтээлүүдийн нэг болох Г.Одонгийн /1971 он/ “Эх нутгийн дууль” бүрэн шатаж, Д.Амгалангийн /1979 он/ “Говийн эгшиг” зэрэг бүтээл тал шатсан байжээ.
Энэхүү гал түймэрт Галерейн 102 дэсийн 102 бүтээл, мөн сан хөмрөгт түр хадгалагдаж байсан гадаадын уран бүтээлчийн 3, зураач Өсөхбаярын 1 бүтээл нийт 106 бүтээл бүрэн шатаж үрэгджээ.
Музейнүүдийн Өмч хамгаалах байнгын зөвлөл Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.3.1, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоол, Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага. МNS 5634:2006. Монгол Улсын стандартын 12.4.14,12.4.15 дахь заалтуудыг үндэслэн УМХГ-ын улсын байцаагчийн 2008.11.28-ныУлс, аймгийн музейнүүдийн ерөнхий бүртгэлээс үзмэр, эд зүйл хасах тухай” 03/30/3970 тоот дүгнэлтэд шилжүүлэхээр тусгагдсан үзмэрүүдээс үлдсэн Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музейн 1832 ширхэг үзмэр актлахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна гэж үзжээ.
Мөн Богд хааны ордон музейн 11 ш, Монголын театрын музейн 324 ш, Чойжин ламын сүм музейн 16 ш Монгол цэргийн музейн 6 дэсийн 263, Уран зургийн галерейн 193 ш ширхэг үзмэрийг Эрдэнэ-зуу музей, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн музейгээс өөр байгууллагад шилжүүлээд үлдсэн 657 ш, нийт 1464 ширхэг үзмэрийг музейнүүдэд сан хөмрөгийн туслах болон аж ахуйн дансанд бүртгэн, үзмэр сэргээн засварлах, сургалт сурталчилгаанд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтын хэсэг БСШУЯ-наас музейн сан хөмрөгийн заавар, стандарт, музейн үзмэрийг сэргээн засварлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмуудыг яаравчлан боловсруулж, тэдгээрт үзмэрийн шилжилт хөдөлгөөний асуудлыг тодорхой тусган, музейн дотоод хяналтыг чангатгаж, үзмэрийн шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарч, монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, нөхөн төлүүлж, музейг хохиролгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, Музейн бие даасан хуультай болох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1 дэхь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.
Хурлаас улс, аймгийн музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогоор шилжилт хөдөлгөөн хийгдсэн үзмэрийн тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Төрийн өмчийн хороо, БСШУЯ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Музей-судалгаа, сургалт, сурталчилгааны төв болох нь” төвийн бүсийн 6 аймгийн музейн ажилтны сургалт. 2009.09.15 – 2009. 09. 18
Монголын Үндэсний Музейгээс улс аймгийн музейн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2009 онд зохион байгуулсан томоохон ажлуудын нэг нь  төвийн бүсийн 6 аймгийн музейн ажилтнуудыг хамруулан Баянхонгор аймгийн түүх угсаатны музей дээр зохион байгуулсан “Музей – судалгаа, сургалт, сурталчилгааны төв болох нь” сэдэвт  сургалт байлаа. Энэ оны 9 дүгээр сарын 15-17-ны хооронд зохион байгуулсан уг сургалтыг Монголын Үндэсний музейн захирал Ж. Саруулбуян, Арга зүйн албаны дарга М. Цэрмаа, арга зүйч Д. Бумаа, бүртгэл мэдээллийн санч  Л. Энхтуяа, санхүү аж ахуйн албаны ажилтан Д. Тогтохбаяр нар очиж зохион байгуулсан юм. Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, соёлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн болон албаны бусад хүмүүс бидний ажлыг дэмжиж оролцон ач холбогдол өгч байсанг тэмдэглэх нь зүйтэй.  Сургалтанд “Музей судалгаа, сургалт сурталчилгааны төв болох нь ” сэдвээр МҮМ-н захирал Ж.Саруулбуян “музейн дэглэлт ба бичмэл тайлбар” сэдвээр арга зүйч Д.Бумаа, “Музейн үзэсгэлэн, үзмэрийн судалгаа, сургалт сурталчилгааны ажлын талбар” сэдвээр арга зүйч М. Цэрмаа, “Түр үзэсгэлэн зохион байгуулах ажлын туршлагаас” сэдвээр Л. Энхтуяа тус тус мэдээлэл хүргэсэн нь оролцогч музейн ажилтнуудын анхаарлыг татсан цаг үеэ олсон мэдээлэл болсон юм. Сургалтанд Баянхонгор аймгийн музейн -7, Говь Алтай аймгийн мзейн -5, Архангай аймгийн музейн-5, Өвөрхангай аймгийн музейн -1, Булган аймгийн музейн -1, Хөвсгөл аймгийн музейн -1 нийт 25 хүн оролцсоны ихэнх нь музейн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад ихээхэн үүрэг бүхий эрдэм шинжилгээний ажилтан боловсрол, олон нийт, санхүү, захиргааны ажилтанууд байсан. Энэхүү сургалт уулзалтын хоёр дох өдөр Баянхонгор аймгийн байгалийн түүхийн музей дээр зохион байгуулсан “Музейн хөгжил, цаашид авах арга зам” сэдэвт онол практикийн бага хурал болж оролцогч музей бүр өөрсдийн үйл ажиллагаа, онцлог байдал, дутагдалтай болон давуу талуудаас танилцуулан хэлэлцүүлсэн. Ингэснээр музейн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахад ихэнх музейд тулгамдаад буй зарим асуудлыг онцлон зөвлөмж бичиж боловсруулан холбогдох дээд байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв. Энэ удаагийн төвийн бүсийн музейн ажилтнуудын сургалт уулзалт нь цөөн тооны тодорхой мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг хүргэсэн тул үр дүнтэй өндөр ач холбогдолтой ажил болсныг сургалтанд оролцогчид илэрхийлж байлаа.

Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, судалгаа ба тайлбарын тулгамдсан асуудал”
2009 оны IV сарын 30 –нд зохион байгуулсан музейн ажилтны сургалтанд оролцогч Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгэний ажилтан Ж. Баярсайханы “Музейн үзмэрт тодорхойлолт бичих зарим аргачлал хийгээд тулгарч буй бэрхшээлүүд ”,  Театрын музейн захирал Д. Цэдмаагийн “Сан хөмрөгөө тохижуулж цэгцлэх ажлыг юунаас эхлэх вэ”, Монголын үндэсний музейн арга зүйч Д. Бумаагийн “Музейн зохион байгуулалтын бүтэц ба цуглуулгатай ажиллах ажилтнуудын ажил үүрэг”, Соёлын өвийн төвийн УНБМСангийн мэрэгжилтэн Д.Нарантуяагийн “Бүртгэл мэдээллийн сангийн бүрдүүлэлт” , Монголын Үндэсний музейн сан хөмрөгч Н.Туяа “Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн орчин, түүнийг хянах тохируулах, харьцах ажиллагаа”, Монголын Үндэсний музейн  Ц. Оюунхишигийн “Музейн цуглуулгын бүртгэлийг BAR CODE системд кодчилох нь”, Үндэсний музейн бүртгэл мэдээллийн санч Б. Баасанжаргал “ Сан хөмрөгийн бүртгэл, бусад баримтыг бүрдүүлэх нь”, Монгол цэргийн музейн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д. Эрдэнэчимэгийн “Сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангах журам”, “Монгол цэргийн музейн сан хөмрөгийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”, Соёлын дээд сургуулийн музей судлалын багш А.Янживын “Музейн боловсон хүчний нөөц ба мзейн хөгжлийн тулгамдсан асуудлууд”, Байгалийн түүхийн музейн Эрдэм шинжилгээ арга зүй сан хөмрөгийн тасгийн эрхлэгч Н. Жавзмаагийн “Байгалийн түүхийн музейн сан хөмрөг” сэдэвт лекцүүдийг тус тус хэвлэжээ. Дээрх лекц хичээлүүдээс гадна Байгалийн түүхийн музейн менежер Ж.Мяндасын сургалт семинарын үеэр хийсэн “Монголын музейнүүдийн холбоо” -ны тухай мэдээлэл болон энэ холбооны дүрмийг тус тус эмхтгэлд оруулсан болно. Уг эмхтгэлийг улс аймаг орон нутгийн музейн ажлын хэрэгцээнд үнэ төлбөргүй тарааж байна.
ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ, ИЛТГЭГЧИД

1    Ж. Саруулбуян:  МҮМ-н захирал - Монголын Үндэсний музейн бүтэц зохион байгуулалт, музейн тогтолцоо
Орон нутаг судлалын музейн хөгжлийн түүх, үйл ажиллагааны онцлог
2    М. Цэрмаа: Арга зүйн албаны дарга - Музейн хадгалалт хамгаалалтын асуудлууд: Стандартын хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах арга зам. 
3    Л. Энхтуяа - Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын албаны дарга.  Сан хөмрөгийн үйл ажиллагаатай холбогдох бичиг баримтын бүрдүүлэлт, архив, хамгаалалт, аюулгүй байдлын зарим асуудлууд
4    Б. Эрдэнэцэцэг: Сан хөмрөгч- Сан хөмрөгчийн ажил үүрэг, үзмэр эд өлгийн зүйлтэй зөв харьцах нь
5    Ж. Баярсайхан:  Эрдэм шинжилгээ судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга    Музейн судалгаа шинжилгээний ажил: сан хөмрөгийн сурталчилгаа, үзэсгэлэн зохион байгуулалт, дэглэх үйл ажиллагаа
6    М. Мөнгөнцэцэг: Музейн тайлбарлагч- Музейн боловсролын ажил, музейн үйлчилгээ, нийгмийн соёлын хэрэгцээ шаардлагыг хангах нь  
7    Ж. Баярсайхан: Эрдэм шинжилгээ судалгаа, үзүүллэг зохион байгуулалтын албаны дарга -  "Байгалийн цогцолборт газар, түүх соёлын үл хөдлөх өв дурсгалын хадгалалт хамгаалалтын талаар"
2010. 09. 08

Арга зүйн албаны үйл ажиллагаа – мэдээ мэдээлэл

 1. “Музейн үзмэртэй харьцах, үзмэрийн баримтжуулалт, зөв тодорхойлох нь” сэдэвт зүүн бүсийн музейн ажилтнуудын сургалт уулзалтыг зохион байгуулах зорилго нь төвөөс алслагдсан орон нутгийн музейн ажилтнуудыг мэргэжил - арга зүй, мэдээллээр хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудал, нөхцлийг хэлэлцэх, шийдвэрлэхэд холбогдох санал боловсруулахад  оршино.
   2. Уг сургалт уулзалтад тухайн музейн ЭША, Сан хөмрөгийн болон боловсролын ажилтнууд хамрагдах боломжтой.
   3. Сургалт уулзалтыг “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”, “Улс, аймгийн чанартай музейн дүрэм”, “Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага: Монгол улсын стандарт”, уулзалтын удирдамжийн хүрээнд зохион байгуулна.


Сургалт уулзалт зохион байгуулах ерөнхий чиглэл

   1. Сургалт нь 2010 оны 9 дүгээр сарын 21-нээс 23-ны хооронд Монголын Үндэсний музей Сүхбаатар аймгийн музей хамтран Сүхбаатар аймгийн Орон нутаг судлах музейд зохион байгуулна.
   2. Сургалтанд оролцогчдыг хүлээн авах, түр байрлуулах, сургалт болох танхим техник хэрэгслийг бэлтгэх ажлыг Сүхбаатар аймгийн музей хариуцна.
   3. Сургалт уулзалтанд оролцохоор ирсэн музейн ажилтнууд өөрийн музейн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл бэлтгэж ирэх / үйл ажиллагааны төрлүүд, орлого нэмэгдүүлэх боломж, орон нутгийн онцлогтой уялдан ажиллах, тулгамдсан асуудал зэргийг дурьдсан, зураг дүрс бичлэг, техникийн дэвшилтийг ашиглаж болно./
   4. Сургалт уулзалт 2010 оны 9 дүгээр сарын 21-нд Сүхбаатар аймгийн музейд эхэлж 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
   5. 2010 оны 9 дүгээр сарын 21-нд “Музейн үзмэртэй харьцах, үзмэрийн баримтжуулалт, зөв тодорхойлох нь”  сэдэвт нэг өдрийн сургалт, 9 дүгээр сарын 22-нд Сүхбаатар аймгийн музей үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох, тухайн орон нутгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалтай танилцах, тэдгээрийг хадгалж хамгаалах арга замын тухай олон улсын туршлагаас сэдвийн хүрээнд уулзалт ярилцлага. 23-нд сургалт уулзалтын хаалтын ажиллагаа орон нутгийн музейн ажилтнууд нутаг буцах 
   6. Сургалтанд оролцогсдод гарын авлага, сургалтын материал тараана.
   7. Сургалт уулзалтанд оролцсон ажилтнуудын томилолтыг Сүхбаатар аймгийн музейн захиргаа бөглөнө.


Зохион байгуулах комисс

МҮМ-н захирлын томилсон арга зүйн албаны дарга М. Цэрмаа, Сан хөмрөг хадгалалт хамгаалалтын албаны дарга Л. Энхтуяа, сан хөмрөгч Б.Эрдэнэцэцэг, Сүхбаатар аймгийн музейн захирал Ж.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс сургалт уулзалт семинарыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөг гарган батлуулж, арга зүйгээр ханган зохион байгуулан, үйл ажиллагааны тайлангаа нэгтгэн МҮМ-н захиргаанд ирүүлнэ.
Холбогдох утас:     М.Цэрмаа – 93142732,99683311, Л. Энхтуяа – 99288184, Б.Эрдэнэцэцэг – 93142767, Жаргалсайхан – 015122146, 99519703
Комисс сургалт уулзалтанд хамрагдах ажилтнуудтай хамтарч ажиллана.

Сургалт уулзалтанд оролцох музейнүүд

   1. Байгууллагаа төлөөлөн музейн эрдэм шинжилгээ судалгаа болон сан хөмрөгийн ажилтнууд, боловсрол, олон нийтийн ажил зохион байгуулах дадлага туршлагатай, мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажиллаж байгаа зэрэг сургалтын үр дүнг тухайн байгууллага дээрээ очоод хэрэгжүүлэх чадвартай музейн ажилтан байна.
   2. Музей тус бүр сургалт уулзалтанд хамрагдагч өөрийн ажилтны замын зардал томилолтыг бүрэн хариуцна.
   3. Сургалт уулзалтын үеэр зохион байгуулах арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинийг санаачлагч манлайлагч байна.
   4. Сургалт уулзалтын талаар санал хүсэлтээ нэгтгэн цаашид хийж  болох үйл ажиллагааны зөвлөмж гаргахад саналаа оруулна.

Сургалт уулзалтын үйл ажиллагааны үр дүнг тайлагнах
Сургалт семинар зохион байгуулах комисс нь явц үр дүнгийн тухай тайлан бичиж нэгтгэн 2010 оны 10 сарын 1-нд  МҮМ-н захиргаанд ирүүлнэ.

Сургалт уулзалтын ерөнхий хөтөлбөр
2010 оны 09 дугаар сарын 20. Даваа гараг:
•    МҮМ-н төлөөлөгчид Сүхбаатар аймаг руу явах
•    Сургалт уулзалтанд оролцогчдын бүртгэл, байршил. /Сүхбаатар аймгийн Орон нутаг судлах музей хүлээн авч зохион байгуулах/

2010 оны 9 дугаар сарын 21. Мягмар гараг
9:00  Үйл ажиллагааны нээлт: /үндсэн чиглэл, хөтөлбөрийг танилцуулах/
9:30 Сургалт:  лекц-3 хүн  /тус бүр 20-25 минут /
11:20 Завсарлага
11:40 Орон нутгийн музейн ажилтнуудын мэдээлэл: тус тусын үйл ажиллагаанд буй давуу талууд болон тулгамдсан асуудлуудын талаар урьдчилан бэлтгэсэн илтгэл- товч мэдээлэл /сургалт уулзалтын сэдвийн хүрээнд/
13:00 Үдийн цай
14:00 Сургалт: 3 лекц / МҮМ/
16:30 Цай / завсарлага
17:00 Ном сэтгүүл гарын авлага тарааж өгөх
Зөвлөмж удиртгалд санал өгөхөөр бэлтгэх
19:00 Оройн хоол

2010 оны 9 дугаар сарын 22. Лхагва гариг.
Сүхбаатар аймгийн музейн үүсэж хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээнд оролцох
16:00 Сүхбаатар аймгийн түүх соёлын үл хөдлөх өв дурсгалыг хадгалж хамгаалах асуудалууд: Олон улсын орон нутаг судлалын музейн үйл ажиллагааны талаарх лекц ярилцлага
17:00 Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээрх зарим түүх соёлын үл хөдлөх дурсгалтай танилцах
Оройн хоол
Амралт
2010 оны 9 дугаар  сарын 23 Пүрэв гариг.
Зөвлөмж гаргах. Орон нутаг судлалын мзейг хөгжүүлэхэд тулгамдсан асуудал: түүх соёлын үл хөдлөх өв дурсгалыг хамгаалах асуудалд
Хаалтын ажиллагаа
Буцах
Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, ижил төст байгууллагатай хамтран ажиллах нийгмийн сайн сайхны төлөө ажиллах олон талт үүрэгтэй. Одоо тус музей нь 50 гаруй ажиллагсадтай, эрдэм шинжилгээ судалгааны цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад, дотоодын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй амжилттай хамтран ажилладаг.

Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байлаа. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн 1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдсаны нэг нь Монголын Үндэсний Түүхийн Музей юм. Монголын археологи, түүх, угсаатны соёлыг цогц байдлаар дэглэн орчин үеийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэхэд анхаарч байлаа. 2008 оны хавар бид музейн статус, нэрээ шинэчлэн Үндэсний музей болон өргөжлөө. Монгол улсын засгийн газрын 2009.02.04-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Монгол төрийн түүхийн музей” Монголын Үндэсний Музейн харьяанд шинэтгэн байгуулагдсан. -Монголын үндэсний музейн харьяанд Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын үндсэн хэсэг болох Монгол төрийн түүхийн музей ажилладаг.


Одоо манай музейн гол зорилгын нэг нь гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн орчин үеийн үндэсний музейн жишигт хүрэх, музейг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн 17 оронд монголын соёл, түүхийн тухай өгүүлсэн 28 тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан.

 
Сэдэв : Монголын үндэсний түүхийн музей
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Монголын үндэсний түүхийн музей нь анх 1924 онд Монгол орны түүх, соёл болон байгалийн баялгийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилгоор байгуулагдсан юм.
1940-1941 онуудад Улсын төв музей нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байв. Улсын төв музей нь одоогийн байгалийн түүхийн музейн байранд 1956 онд нүүн орж, түүх, байгаль орчин, палентологи, Монголын соёл урлагийг нийтэд сурталчилан таниулж байсан юм.
1964 онд Угсаатны зүйн танхимыг шинээр нээж хүрээгээ тэлсэн юм.
1991 онд. Улсын Төв Музейн түүх угсаатны болон, 1971 онд үүссэн Хувьсгалын музейн цуглуулгын үндсэн дээр Монголын Үндэсний Түүхийн музей байгуулагдав.

Монголын Үндэсний Түүхийн музей нь одоо Хувьсгалын музейн байранд байрладаг ба Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей гэсэн салбар музейтэй юм. Тус музейд нэн эртнээс Чингис хаан, түүний дараах хаад, манж, автономит, социализм, ардчилалын үеийн Монгол улсын түүх, Монгол угсаатны соёлтой танилцах боломжтой. Археологи, түүх, угсаатан, гэрэл зургийн 50 гаруй мянган үзмэрийн цуглуулгатай. Эдгээр үзмэрүүдээ 10 танхимд дэлгэн үзүүлсэн.
1.Монголын эртний түүхийн танхим
2.Эртний улсуудын танхим
3.Уламжлалт хувцас, гоёл чимэглэл
4. Монголын эзэнт гүрэн
5. Манжийн дарлалын үеийн Монгол орон
6. Монголын уламжлалт соёл
7. Монголын амьдралын хэв маяг
8. Богд хаант Монгол улс
9. Социализмын үеийн Монгол
10. Ардчилсан Монгол орон
 

Монгол улсын үндэсний музей хаяг

Үйл ажиллагаа: 
Музей
Хаяг: 
ЧД, Жуулчны гудамж-1
Утас: 
70110911, 70110912, 70110913, 70110914, 322644, 325656, 329101
Факс: 
326802

Монголын үндэсний музей морин хуурын хамтлагтай болно


Монголын үндэсний музейн хамт олон үндэсний уламжлалт хөгжим морин хуурыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, хүүхэд багачуудад хөгжмийн мэдлэг олгох зорилгоор морин хуур хөгжмийн дугуйлан нээжээ. Дөрөвдүгээр сараас сурагчдыг бүртгэн хичээллэж эхэлсэн ба ээлж бүрийн амжилттай суралцсан өсвөрийн хөгжимчдийг нэгтгэн морин хуурын хамтлаг байгуулах гэж байгаа юм байна.

Thursday, December 16, 2010

үндэсний музей

E-mail Print PDF
Өнөөдөр нэмэгдсэн мэдээ

“Халхын Сэцэн Хан Ц.Навааннэрэн”  үзэсгэлэн

2010 оны XII сарын 06 - 11
 
Монголын Үндэсний музейд Монгол төрийн түүхэн зүтгэлтэн Сэцэн Хан Цэрэндондовын Навааннэрэнгийн (1910-1923) “Хан хэргэм” залгамжилсны 100 жилд зориулсан тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Тэрээр ХХ зууны Монголын хоёр хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож, тусгаар улсынхаа төрийн эрх бүхий дээд албыг хашиж бодлого шийдвэрийг гаргаж байжээ. Сэцэн хан Ц.Навааннэрэн 1912 оноос Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны эрхэлж зөвлөх сайд, 1915 онд Шүүх таслах хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд, 1921-1922 онд Сэцэн хан аймгийн чуулганы дарга, 1922-1925 онуудад Ардын засгийн газрын Дотоод яамны тэргүүн сайд, хожим нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр тус тус ажиллаж байв.  1911 оны зун Богд хан уулын Нүхтийн аманд монголын язгууртнууд цуглан манж-хятадын дарлалаас ангижрах, тусгаар улс байгуулахад тусламж хүсэж, Оросын эзэн хаанд “Жибзундамба хутагт, Халхын Түшээт хан Дашням, Сэцэн хан Навааннэрэн, Засагт хан Содномравдан, Сайн ноён хан Намнансүрэн нар тус тус нэр хавсран өргөсөн нь монголчуудын эрх чөлөөг хүсэмжилсэн дуу хоолой байлаа. Сэцэн хан Ц.Навааннэрэн Олноо өргөгдсөн Монгол улс байгуулах үйл хэргийг манлайлан зүтгэж байсанчлан Ардын засгийн газарт ч ажиллан эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг өвөрлөн зүтгэсэн эх оронч баатарлаг өвөг дээдсийн маань нэг юм.

Тус үзэсгэлэнд МҮМ-н сан хөмрөгт хадгалагдан буй Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн болон Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох эд өлөг дэлгэгдэнэ. Тухайлбал, “Тулгар тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаан Сэцэн хан Ц.Навааннэрэнг шагнасан шар торгон өргөмжлөл, Сэцэн хан аймгийн туг, харуулын тэмдэг, цэргийн хантааз, Ц.Навааннэрэнгийн пийсүү аяга, тамганы хайрцаг болон Ц.Навааннэрэнгээс Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, зэрэг олон үзмэр багтаж байна. Мөн Халхын Сэцэн хан аймгийн түүхэнд холбогдох “Захыг сэргийлэх Сэцэнхан аймгийн цэргийг захирах тэмдэг”, “Шолойн угийн бичгийн хуулбар”, ”Хан хэнтий уулын аймгийн Идэрмэг Баянхан уулын хошуу захирах тамга”, “Эрдэм мэргэн ноён хутагтын тэмдэг”, “Монгол тээхийн Хэрлэн дэхь өртөө шуудангийн буудлын тэмдэг” зэрэг үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэнг бид ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ.  Үзэсгэлэн 12 дугаар сарын 06-11-ны өдрүүдэд нээлттэй ажиллана. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Монголын Үндэсний музей
2010 оны 12 дугаар сар 6

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРААР ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

Эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ Улс тунхагласаны 86 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. Энэ өдөр манай музей олон нийтэд үнэгүй үйлчилнэ. Монголчуудын эх түүхийн бахархал музейн сан хөмрөгт хадгалагдаж буй түүх, соёлын өвийг олон түмэнд хүргэх, эх орныхоо тусгаар тогтнолын түүхэн замналыг танин мэдэхэд бидний зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.
Эрхэм үзэгчид та бүхнийг энэ өдөр музейд зочилж тусгаар улсынхаа ойг ёслон тэмдэглэхэд манай музейн үүд хаалга нээлттэй байна. Тавтай морилоорой.
Монгол улсын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэцгээе. 

ӨНӨӨГИЙНХӨНД хүргэх гэсэн бас нэгэн учир шалтгаан гэвэл...

үзэсгэлэн 16-ны өдрийн 12 цагт манай үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. Нээлтийн ажиллагааг "Өнөөгийхөнд" үйл хөдлөлийн урлагаар /Performance art/ нээх юм. Уран бүтээлч  С.Ганзүгийн анхы бие даасан үзэсгэлэнд түүний гурилаар хийсэн бүтээлүүд тавигджээ. Эдгээр бүтээлүүд нь Монголд болон Нидерланд, Финлянд, Швед, ХБНГУ зэрэг орнуудын урлагийн хөтөлбөрүүд, олон улсын үзэсгэлэнд хамрагдаж байжээ.
Түүнчлэн ӨНӨӨГИЙНХӨНД хүргэх гэсэн бас нэг учир шалтгаан гэвэл...хэмээн нэрлэсэн нь "Бид олон зүйлийг гурилдаж байна" гэсэн шүүмжийг ч бас давхар агуулж байгаа юм.
11 сарын 26-ны 11 цагт "Өнөөгийнхөн ба Урлаг" нээлттэй ярилцлага болон үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг уран бүтээлч үзэгчдэд хүргэх бөгөөд асуулт, хариулт өрнүүлэх юм. Үзэсгэлэн 11 сарын 16-12 сарын 05 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана. 

“Музей ба Боловсрол шинэ зуунд” сэдэвт
сургалт семинар
2010 оны 10 дүгээр сарын  21-ний Пүрэв гарагт Монголын Үндэсний Музейд “Музей ба Боловсрол шинэ зуунд” сэдэвт багш нарт зориулсан семинарыг МҮМ-н Олон нийт, гадаад харилцаа, маркетингийн алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын харьяа Хотын Боловсролын Газартай хамтран зохион байгуулав. Семинарт Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргийн ЕБС-н түүх, нийгмийн ухааны 100 гаруй багш нар хамрагджээ.
Уг семинарын зорилго нь музейн боловсрол олон нийтийн ажлыг багш нарт сурталчилж түнийхээ үндсэн дээр түүх, нийгмийн ухааны хичээл судлаж буй сурагчдыг музейн боловсролын ажилд татан оролцуулах, музейн мэргэжилтэн, багш, сурагч гурвын нягт харилцааг өргөжүүлэх, музейн боловсрол олон нийтийн ажлыг шинэ шатанд хүргэхэд оршино.
2010. 10. 21
 
Шинэ сургалт
“Музейн тайлбар”  - Орчин үе”  Нэг өдрийн сургалт 2010 оны 10 сарын 8-ны өдөр зохион байгуулна.  Бид “Музейн тайлбар –Орчин үе” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулж Улаанбаатар хотын музейн ажилтнуудыг уг сургалтанд хамруулах юм. Сургалтын агуулга нь музейн дүр төрхийн гол илэрхийлэл - тайлбар түүний эргэн тойрон дахь асуудал, орчин үеийн мэдээллийн технологийг музейн ажилд нэвтрүүлэх арга замууд, хэрхэн ашиглах тухай хөндөн ярилцана.

Зураг








Wednesday, December 15, 2010

музейд

Улс төрийн томчуудын гэргий Үндэсний музейд “тухаллаа”  



Монголын “Саран ээж” нийгэмлэг, Үндэсний түүхийн музейтэй хамтран “Монгол эхийн гайхамшиг” нэртэй үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Үзэсгэлэнд Ю.Цэдэнбал агсны гэргий Филатова, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн гэргий Д.Нямаа нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс эхлээд олон сонирхолтой зүйл
дэлгэгдсэн байна билээ. Түүнчлэн “Саран ээж” нийгэмлэгээс алдарт ээжээр тодорч байсан сайхан бүсгүйчүүдийн эд зүйлс ч дэлгэгджээ. Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн уг үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Ингээд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Саран ээж” нийгэмлэгийн дэд захирал, “Ээж музей” сангийн тэргүүн Б.Лхамсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Та бид хоёр Ю.Цэдэнбал агсны ээжийн зураг болон эдэлж хэрэглэж байсан зүйлийн өмнө ирээд байна. Ю.Цэдэнбалын ээжид Х.Чойбалсан цагаан сараар барьсан аяга хадагийн хамт гэсэн тайлбар нь сонин санагдлаа. Эдгээр зүйл танай музейд хэрхэн яаж ирсэн юм бэ?

-Ю.Цэдэнбал гуайн дүү Жавзан гэж Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг багш хүн бий. Түүнээс ирсэн зүйл л дээ. Цэдэнбал гуайн ээж арван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Тэдний нэг нь манай нам төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал гуай байгаа юм. Харин энэ үзэсгэлэнд тавигдсан зүйлийн нэг болох хадаг, аягыг 1950 оны цагаан сараар Хорлоогийн Чойбалсан гуай дүүрэн ааруултай Ю.Цэдэнбал гуайн ээж Я.Заяа гуайд өгч байсан байгаа юм. Харахад зүгээр шаазан аяга шиг хэрнээ алтадсан аяга л даа. Тэгээд ч Я.Заяа гуай өөрөө алтан аяга гэж нэрлэдэг байсан гэсэн. Гэхдээ алтадсан хятад хийцийн шаазан аяга юм билээ. Доороос нь харах юм бол алтадсан аяга гэдэг нь их сайн харагдана. Гэхдээ бид бэлгэдлийг бодож доош нь харуулж тавьсангүй.
-Алтадсан аяга дэлгүүрт худалдаалагдана гэж байхгүй байх. Тиймээс Х.Чойбалсан гуай өөрөө захиалж хийлгэсэн юм болов уу?
-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Зүгээр би бодохдоо тухайн үед хятад дархчуудаар хийлгэсэн болов уу гэж бодох юм. Магадгүй 1950-иад онд дэлгүүрт худалдаалагддаг байсан аяганаас аваад хүндтэй хүнд бэлэглэх гэж байгаа гэдэг үүднээсээ гадуур нь алтадуулсан байж болох юм.
-Бас нэг сонин үзмэр анхаарал татаад байна. Энэ бол АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн гэргий Нямаагийн эдэлж хэрэглэж явсан зүйл?
-БНМАУ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг маш өндөр боловсролтой сайн удирдагч хүн байсныг манай монголчууд мэднэ. Түүний гэргийдээ бэлэглэсэн асаагуураас эхлээд эхнэр Нямаагийнх нь хэрэглэж байсан цүнх тэргүүтэн тавигдсан байгаа нь энэ. Бас нэг сонин үзмэр нь Нямаа гуайд БНХАУ-ын дарга Мао Зэдүнгээс 1951 онд дурсгал болгосон ногоон хаш бойпор байна. Түүний эдгээр зүйлийг Ж.Самбуу гуайн хүү Сүрэнжаваас авч бид “Ээж музей”-дээ хадгалж байгаа юм. Энэ хүн бас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд амьдардаг л даа.
-Д.Нямаа гуайн хэрэглэж байсан энэ цүнхний хийц их чамин юм. Сүүлийн үед хүмүүсийн ханын чимэглэл болгон урлаад байгаа оёдолтой адилхан юмаа?
-Тиймээ. Үнэхээр тансаг цүнх байгаа биз. Чиний хэлсэнчлэн сүүлийн үеийн чимэглэл болгон урлаад байгаа оёдолтой тун төстэй юм билээ. Магадгүй цүнхний чимэглэл тэр ханын чимэглэлтэй ижил технолгиор хийгдсэн байх. Гэхдээ энэ цүнхийг Хятад цүнх гэж би бодохгүй байна. Самбуу гуай өөрөө чамин юманд дуртай байсан учраас гадаадын аль нэг улсад явж байхдаа л арчирч өгсөн байх. Хүүхдүүд нь хаанаас авчирч өгснийг сайн мэддэггүй юм. Харин энэ цүнхэндээ мөнгө төгрөг нямбайлан хадгалж түүгээрээ хүүхдүүдэд чихэр боов гээд амттан авч өгдөг их энэрэнгүй сэтгэлтэй эмэгтэй байсан байгаа юм. Он удаан жил хэрэглэсэн гэхэд өнгө үзэмж нь сайхан байгаа биз дээ. Оосор нь ч өнгөө алдаагүй сайхан байгаа. Бас Д.Нямаа гуайг Гадаад явдлын яаманд албан хаагч байхад нь БНМАУ-ын аюулаас хамгаалах яамны 50 жилийн ойн медалиар шагнаж байсан юм билээ. Үзэгч түмэнд сонин байх болов уу гээд энэ медиалийг нь дэлгэн тавилаа. Мөн 1947 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Д.Нямаа гуайг бичиг үсэг тайлагдсан хүн юм гэснийг баталсан Ардын гэгээрүүлэх яамнаас олгосон үнэмлэх бий. Энэ мэтчилэн сонирхолтой бүтээл их бий. Ер нь нэгэн цагт төр засгийн тэргүүн явсан хүмүүсийн гэргий нар Үндэсний музейд тухалсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
-Ж.Самбуу гуайн гэргийдээ бэлэглэж байсан асаагуур одоо ч хэрэглэдэг юм шиг янзаараа харагдсан шүү?
-Тиймээ. Олон жил хадгалсан гэхэд их цэвэрхэн байгаа биз дээ. Чухам хэдэн жил хадгалсан хаанаас авчирч өгснийг нь бид сайн мэдээгүй байна. Энэ удаагийнхаа үзэсгэлэнгээр олон түмэндээ үзүүлчихээд буцаагаад өгье гэсэн зөвшөөрөл аваад  тавьчихаад байгаа нь энэ.
-Ингэхэд үзэсгэлэнд хэдэн бүтээл дэлгэгдсэн бэ?
-Манай “Саран ээж” нийгэмлэгийг үүсгэн байгуулж байсан хүмүүсээс эхлээд “Саран ээж” нийгэмлэгээс шагнал авсан маш олон хүний бүтээл бий. Манай нийгэмлэгээс гаргасан номнууд ч нэлээд олон бий. Мөн манай нийгэмлэгээс саран ээжээр тодорч байсан Л.Цогзолмаагийн “XX зууны манлай эмэгтэй” гэсэн цол өргөмжлөл нь байна. Монголын гайхамшигт эмэгтэй гэсэн өргөмжлөл нь ч байгаа. Монголын “Саран ээж” нийгэмлэг байгуулагдаад 15 жил болохдоо 900 гаруй хүнийг саран ээж, элбэрэлт ээж, буянтай ээж гээд олон сайхан шагнал өгч алдаршуулсан. Бас 900 гаруй хүнд хүндэт медаль гардуулсан. Тэдгээр хүмүүсээрээ “Ээжийн сайхан суварга” гэж 108 боть  ном гаргахаар төлөвлөж эхний гурвыг нь гаргаад байгаа. Энэ мэтчилэн “Саран ээж” нийгэмлэгтэй холбоотой олон сонирхолтой зүйл бий.
-Филатоватай холбоотой зүйл бас сонирхолтой байсан. Танай нийгэмлэгээс гаргасан үзмэр үү?
-Энэ үзэсгэлэн маань Монголын саран ээж нийгэмлэг болон Монголын үндэсний музейгээс хамтран гаргаж байгаа үзэсгэлэн шүү дээ. Филатова гуайн эд зүйлсийн тухайд Үндэсний музейн үзмэрүүд. Филатовагийн өдрийн тэмдлэглэлээс нь эхлээд их олон сонирхолтой үзмэр тавигдсан байна билээ. Энэ ташрамд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Юу гэхээр манай “Саран ээж” нийгэмлэг 1997 онд Филатова гуайг “Монголын буянтай ээж” өргөмжлөлөөр өргөмжилж энэхүү шагналыг нь хүү Ц.Зоригоор Орос руу явуулсан юм. Тэгэхэд Филатова гуай “Монголчууд намайг мартаагүй байна” гээд ихэд баярласан гэдэг. Бидний хувьд ч гэсэн үүндээ их баяртай байдаг. Яагаад гэхээр манай нийгэмлэг Монгол улсаа төлөөлөөд түүнд энэ сайхан шагналаа өглөө шүү дээ. Энэ үүднээсээ бид түүнийг амьд ахуйд нь бага ч гэсэн баярлуулсан гэж үзэн өөрсдөө сэтгэл өег байдаг. Энэ хүн бол Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийн төлөө маш их зүйл хийсэн хүн шүү дээ.

үзүүлэн

Үндэсний музейд гурилаар урласан эд өлгийн зүйлсийг дэлгэлээ


 Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр залуу уран бүтээлч С.Ганзүг “Өнөөгийнхөнд хүргэх гэсэн бас нэг учир шалтгаан гэвэл...” үзэсгэлэнгээ нээлээ. С.Ганзүг 2000 онд “Сэтгэмж” дизайны дээд сургуулийг дүүргэсэн ба гурилаар дагнан уран бүтээл хийдэг аж. Эртний булшнаас олдсон гэмээр эд өлгийн зүйлсийг гурилаар хийсэн нь сонирхолтой санагдлаа.
Мөн хүний нүүрний элдэв төрлийн хувирлыг гамбир шиг хэлбэртэй хайрсан гурилаар харуулсан байв. Залуу барималч маань үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үйл хөдлөлийн урлагийн дээжээс үзэгчдэд сонирхуулсан юм. Өрнүүн амьдралыг өөр өнцгөөс харах шинэ нүдийг хүн бүрт “хайрлах”- ын тулд үйл хөдлөлийн урлаг бий болсон гэсэн. Харамсалтай нь С.Ганзүгийн үзүүлсэн үйл хөдлөлийн урлагийг жирийн үзэгч би огт ойлгосонгүй. Тодруулбал, тэрбээр хуурай гурил газраар цацаад, саванд гурил хийж зуурах зуураа уртын дуу дуулж байсан. Ингэхдээ зориулсан дууг нь гурил мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байх аж.
Тэгэхээр ямар ч айлын эхнэр энэ үйл хөдлөлийн урлагийг үзүүлж чадах юм шиг санагдсан шүү. Орчин үеийн урлагийн төрлийг ойлгож мэдэх ч амаргүй юм шиг ээ. Гэхдээ залуу уран бүтээлч С.Ганзүг Улс тунхагласан баярын өдрөөр “Өнөөгийнхөн ба урлаг” нээлттэй ярилцлага зохион байгуулж үзэсгэлэн болон үйл хөдлөлийн урлагийн талаар лекц унших юм билээ. Түүнчлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ч бас нэгэн шинэ үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн юм.

сургалт сминар

“Музей ба Боловсрол шинэ зуунд” сэдэвт
сургалт семинар
2010 оны 10 дүгээр сарын  21-ний Пүрэв гарагт Монголын Үндэсний Музейд “Музей ба Боловсрол шинэ зуунд” сэдэвт багш нарт зориулсан семинарыг МҮМ-н Олон нийт, гадаад харилцаа, маркетингийн алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагын харьяа Хотын Боловсролын Газартай хамтран зохион байгуулав. Семинарт Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргийн ЕБС-н түүх, нийгмийн ухааны 100 гаруй багш нар хамрагджээ.
Уг семинарын зорилго нь музейн боловсрол олон нийтийн ажлыг багш нарт сурталчилж түнийхээ үндсэн дээр түүх, нийгмийн ухааны хичээл судлаж буй сурагчдыг музейн боловсролын ажилд татан оролцуулах, музейн мэргэжилтэн, багш, сурагч гурвын нягт харилцааг өргөжүүлэх, музейн боловсрол олон нийтийн ажлыг шинэ шатанд хүргэхэд оршино.
2010. 10. 21
 
Шинэ сургалт
“Музейн тайлбар”  - Орчин үе”  Нэг өдрийн сургалт 2010 оны 10 сарын 8-ны өдөр зохион байгуулна.  Бид “Музейн тайлбар –Орчин үе” сэдэвт нэг өдрийн сургалтыг зохион байгуулж Улаанбаатар хотын музейн ажилтнуудыг уг сургалтанд хамруулах юм. Сургалтын агуулга нь музейн дүр төрхийн гол илэрхийлэл - тайлбар түүний эргэн тойрон дахь асуудал, орчин үеийн мэдээллийн технологийг музейн ажилд нэвтрүүлэх арга замууд, хэрхэн ашиглах тухай хөндөн ярилцана.

музейн түүх

Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, ижил төст байгууллагатай хамтран ажиллах нийгмийн сайн сайхны төлөө ажиллах олон талт үүрэгтэй. Одоо тус музей нь 50 гаруй ажиллагсадтай, эрдэм шинжилгээ судалгааны цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад, дотоодын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй амжилттай хамтран ажилладаг.

Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байлаа. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн 1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдсаны нэг нь Монголын Үндэсний Түүхийн Музей юм. Монголын археологи, түүх, угсаатны соёлыг цогц байдлаар дэглэн орчин үеийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэхэд анхаарч байлаа. 2008 оны хавар бид музейн статус, нэрээ шинэчлэн Үндэсний музей болон өргөжлөө. Монгол улсын засгийн газрын 2009.02.04-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Монгол төрийн түүхийн музей” Монголын Үндэсний Музейн харьяанд шинэтгэн байгуулагдсан. -Монголын үндэсний музейн харьяанд Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын үндсэн хэсэг болох Монгол төрийн түүхийн музей ажилладаг.


Одоо манай музейн гол зорилгын нэг нь гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн орчин үеийн үндэсний музейн жишигт хүрэх, музейг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн 17 оронд монголын соёл, түүхийн тухай өгүүлсэн 28 тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан.

Сүхбаатар жанжны хөшөө

Жанжны хөшөөний эх хувийг Монголын Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт бүртгэж авлаа

2010 оны 10-р сарын 27
Жанжны хөшөөний эх хувийг Монголын Үндэсний түүхийн музейн сан 
хөмрөгт бүртгэж авлаа
Арслангуудыг холбодог гинж хаана байна вэ?
Улсын нийслэл Улаанбаатарын төв цэг болсон Д.Сүхбаатарын хөшөө нутаг заагдаж Баянзүрх дүүргийн “Тохижилт” компанийн хашаанд хог мэт хэвтэж байгааг, чулуун арслангууд нь Амгалан дахь Д.Сүхбаатар жанжны гэрийн буурин дээр орхигдсоныг манай сонин цуврал нийтлэлээрээ дэлгэн тавьснаар Монголын түүх мөхлийн ирмэгт ойрхон байгааг сануулсан.

Гэхдээ асуудал үүгээр дууссангүй. Хөшөөний хамт хийгдсэн, арслангуудыг холбосон гинжний тухай энэ хугацаанд хэн ч дуугарсангүй. Арслангуудын амнаас гарсан цэцгээр холбогддог энэхүү гинжний зургийг Төрийн шагналт барималч С.Чоймбол агсан зурж, хэмжээг нь гарган төмрийн заводод захиалгаар цутгуулсан түүхтэй. Дайны дараах хүнд хэцүү, хайлш ховор үед хийгдсэн Монголын анхны, том төмөр гинж хаана байгааг бид сонирхсон юм.

Д.Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх ажлын хэсгийн дарга M.Гантөмөртэй утсаар холбогдож тодрууллаа.

М.Гантөмөр: Та нарт хөшөөний гинж ямар хамаатай юм бэ?


-Хөшөөг хүрэлдэх ажил ямархуу явцтай байна вэ. Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон арслангуудыг холбосон гинжийг яасан юм бол?
-Гинжийг хадгалсан. Хөшөөг хүрэлдэж дуусахад буцааж ашиглана.

-Магадгүй шинэчилж, сайжруулна гээд төмрийн хог болгочихоогүй байгаа гэсэн асуултыг иргэд олноор тавьж байна?
-Ер нь тэр хөшөөний гинж та нарт ямар хамаатай юм бэ?

-Хөшөө өөрөө түүхийн үнэт зүйл учраас бид асууж тодруулах эрхтэй шүү дээ?
-Та нар ийм юм бичихээ болимоор юм… гэснээр бидний яриа өндөрлөв. Харин хөшөөний гинжийг Баянзүрх дүүргийн “Тохижилт” үйлчилгээний компанийн хашаанд байгаа сургаар Ц.Цогтсайхан даргатай холбогдоход “Манай компанийн агуулахад хөшөөний гинж хадгалаатай байгаа нь үнэн. Бүрэн бүтнээр нь хадгалж байгаад хөшөөг хүрэлдэж дуусахад буцааж авна гэсэн. Өнгөрсөн даваа гаригт Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын өв соёлыг хамгаалах төвийнхөн ирж үзээд, зургийг нь аваад, баримтжуулаад явсан. Тиймээс та нар санаа зоволтгүй” гэсэн юм.

Жарны туршид үүх түүхийн нэгээхэн хэсэг болон өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн жанжны хөшөө, шавар арслангууд, түүнийг холбосон гинж хэн нэг буруу санаатны гараар орж, устаж үгүй болох вий гэж Монгол хүн бүр санаа зовж байна. Учир нь Монголын түүх, соёлын нэгээхэн үнэт бүтээл болох Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд болзож уулзаагүй хос, зургаа татуулаагүй Монгол хүн байхгүй. Манай улсад ирсэн төр засгийн зочид төлөөлөгчид, энгийн жуулчид ч заавал Сүхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг.

Гэтэл ор хоосон онгойн харлах энэ хөшөөний буйр хүмүүсийн түүх соёлоо хүндэтгэх, хайрлан хамгаалах сэтгэлийг огшоосон. Үүний илрэл болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Д.Сүхбаатарын хөшөөний эх хувь бол үндэсний түүхийн маш чухал ач холбогдолтой зүйл. Үндэсний түүхийн музейд очих ёстой гэж бодож байгаа. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор бүтээж 64 жилийн турш Монголын ард түмний хүндэтгэл, авшиг шингэсэн, үе үеийн төр засгийн удирдлагууд болон ард иргэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байсан хөшөө. Хамгийн гол нь эх хувь нь юм. Эх хувийг ямар ч байдлаар өөрчлөөд эх хувь ганцхан л байдаг. Тэгэхээр цорын ганц эх хувь, урлагийн хосгүй бүтээлийн хувьд Жанжны энэ хөшөөнд орсон чулуу бүр, элсний ширхэг болгон түүхийн болоод урлагийн маш хүндтэй дурсгалт зүйл. С.Чоймбол гуай энэ хөшөөг бүтээснээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. Монголын төр тухайн үедээ уг бүтээлийг өндөр үнэлж асар том урлагийн бүтээл байсныг нь зөвшөөрч байсан. Ийм чухал, цорын ганц бүтээл маань хаа нэгэн газар үрэгдэж хаягдах вий, тэнд орсон элс шорооноос эхлээд, арслан, гинжнүүд нь бүгд асар үнэтэй түүхийн дурсгал шүү.” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн.

64 жил Монголчуудын шүтээн болж ирсэн Д.Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх ажил эхлүүлсэн нь сайшаалтай ч, саар асуудал дагуулж байгааг бид цаг тухайд нь мэдээлж байсны үр дүнд түүхийн дурсгалт үнэт өв соёлоо устаж үгүй болохоос сэрэмжилж, үндэсний түүхийн сан хөмрөгт бүртгүүлж чадлаа. Монголын Үндэсний түүхийн музейн менежер Д.Мөнхтогоотой хөшөөг түүхийн үнэт бүтээлээр албан ёсоор бүртгэж авсных нь дараа ярилцлаа.

Д.Мөнхтогоо: Хөшөөг хотын захиргаа хадгалж хамгаалах үүрэгтэй

-Д.Сүхбаатарын хөшөөг Монголын үндэсний түүхийн сан хөмрөгт бүртгэж авсан гэсэн үү?
-Өчигдөр/уржигдар/ манай сан хөмрөгийн ажилчид болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүргийн “Тохижилт” компанийн байранд очсон. Бидэнтэй Ерөнхий сайдын дэргэдэх улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих засгийн газрын төлөөлөгч М.Гантөмөр дарга хамт явсан. Музейн үзмэрийг ямар стандарт шаардлага тавьж бүртгэлжүүлж, сан хөмрөгтөө авдаг тэр журмаар хэмжилт хийгээд баримтжуулж, зураг хөргийг нь аваад, гэмтлийг нь тодорхойлж Монголын үндэсний түүхийн музейн сан хөмрөгт албан ёсоор бүртгэж авлаа.

-Арслан, гинжийг нь бас бүртгэсэн биз дээ?
-14 арслан, 14 гинж тоо ёсоороо байна лээ. Бид тоолоод, зургийг нь аваад, баримтжуулаад ирсэн. Хүрэлдсэн шинэ хөшөөн дээр хуучин 14 ширхэг гинжийг ашиглана гэж байсан. Жанжны гэрийн буйр байсан газрыг Баянзүрх дүүргийнхэн тохижуулаад цэцэрлэгт хүрээлэн болгож байгаа юм билээ. Тэнд арслангуудыг байрлуулсан байна.

-Хөшөөг буулгахдаа буруу ажиллаж, гадаа орхисноос болоод нэлээдгүй хэсэг нь эвдэрч гэмтсэн байна лээ. Бүрэн бүтэн хэвийг нь авах боломж байгаагүй юм болов уу?
-Хөшөөний өндөр нь 4.50 см учир манай музейн хаалгаар бүү хэл, хэр баргийн том хаалгаар багтаж орохгүй. Тиймээс “Тохижилт” компанийн хашаан дотор 24 цагийн харуул хамгаалалт дор гадуур нь хучлагаар бүтээгээд хадгалж байна лээ. Музейн үзмэрт бүртгэхдээ гэмтэл согогийг нь нэг бүрчлэн бичиж, зургийг нь авдаг. Сүүл, зарим нэг хөлийнх нь шавар бага зэрэг бутарч унасан, үйрсэн байна лээ. Тэр гэмтлүүд нь гүйцэтгэгч хүмүүсийн буруугаас болсон гэж хэлж болохгүй. Хөшөөний доод сууринд байгалиас чулуу авчраад түүн дээрээ арматур төмөр тогтоогоод, хөшөөгөө барьсан юм билээ. Тэр арматурыг зүсэхэд тодорхой хэмжээгээр шавар нь нурна. 60 гаруй жилийн элэгдлээс цууралт өгсөн хэсэг ч байна.

-Хөшөөний эх хувийг дахин сэргээн засварлана биз дээ?

-Хөшөөг шинээр хүрэлдэхээр тендерт ялсан Монголын уран барималч Очирбал тэргүүтэй уран бүтээлчдээр сэргээн засварлуулаад Баянзүрх дүүрэгт Д.Сүхбаатар жанжны гэрийн буйран дээр байрлуулах нь зүйтэй гэсэн санааг М.Гантөмөр дарга ярьж байна лээ.

-Хөшөө түүхийн музейд албан ёсоор бүртгэлтэй болчихоор хаана байрлуулж, яаж хамгаалахаа танайх шийднэ гэсэн үг үү?

-Энэ хөшөө албан ёсоор нийслэлийн өмч, нөгөө талаар соёлын өв гэдэг утгаар соёлын өвийн тухай хуулиар хамгаалагдсан заалтуудын дагуу хотын захиргаа хадгалж, хамгаалах үүрэгтэй. Бид энэ хөшөөг тэнд энд байрлуулна гэсэн шийдвэрийг дангаар гаргах эрхгүй. Хотын дарга, иргэдийн хурлаар оруулж шийдвэр гаргах байх. Хөшөөгөө музейд авчрах боломжгүй учраас хаана байрлуулна тэнд нь очоод харуул хамгаалалт, хадгалалтад нь хяналт тавьж, музейн сан хөмрөгтөө бүртгэх үүрэгтэй.

ноцтой хэрэг

Үндэсний соёлд халдсан ноцтой хэрэг шийдэгдэхгүй удааширч байна PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх


Монголын үндэсний түүхийн музейн сан хөмрөгч асан Б.Энхбат нь тус музейгээс 12 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх үзмэр зувчуулсан. Музейн ажилтнууд болон түүхчид энэ хэргийг эх орноосоо урвасантай адилтган

жигшиж, хэвлэлүүдээр "түүх хулгайлсан түүхч"-ийн шүүх хурлын талаар мэдээлдэг ч уг хэрэг гурван удаа мөрдөн байцаалтад буцаад байгаа юм. Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Аюуштай энэ хэргийн талаар ярилцлаа.

-Та Б.Энхбатыг хэдийнээс мэдэх вэ?
-Бид 1990-ээд онд Түүхийн хүрээлэнд хамт ажиллаж байсан юм. Тэр үеэс л мэднэ. Хүнийхээ хувьд их л томоотай хүн.

-Түүхчийнхээ хувьд хэр мэдлэгтэй хүн юм бэ. Эрдэм шинжилгээний ажилтан байсан гэл үү?
-Түүхийн шинжлэх ухааны чиглэлээр хийж бүтээсэн юмгүй. Ганц, хоёр удаа хээрийн судалгаанд оролцож байсан. Ээж нь Улс төрийн товчооны гишүүн байсан Майдар гуайн ойрын хамаатан юм. Тиймдээ л Түүхийн хүрээлэнд удсан байх. Нийгмийн идэвхи муутай, бүтээлч бус хүн.

-Айхтар, ном ихтэй айлын хүүхэд гэж сонссон. Үнэн үү?
-Аав нь Хөдөлмөрийн баатар, Ардын багш А.Базар гэж хүн байсан гэж сонссон.

-Тус музейн захирлаар ажиллаж байсан доктор Ичинноров агсан Б.Энх¬батыг Сан хөмрөгийн эрхлэгчээр томилчихоод "Найдвартай хүнд үзмэрээ даатгуулчихлаа" гэж хөөрч байсан гэсэн?
-Түүхийн хүрээлэнд археологийн сан хөмрөгчөөр ажиллаж байхад нь А.Очир захирал ажлаас нь халсан юм билээ. Тэгээд л манайд ажил хайж ирж байсан. Тэр үеэс л манайд ажиллах болсон юм. Дуу цөөнтэй, томоотой болохоор нь хэн хүнгүй итгээд л ажилд авсан юм.

-Үзмэрүүдийг зарж мөнгийг нь архинд өгсөн гэж мэдүүлдэг юм билээ. Архи уудаг байсан уу?
-Архи ууна аа. Хаяа нэг ажлаа таслаад алга болчихдог байсан. Гэхдээ тэр их мөнгөөр архи ууна гэж юу байх вэ. Тоймгүй өндөр үнэд хүрэх үзмэр хулгайлсан байгаа биз дээ.

-Ихэвчлэн ямар төрлийн үзмэрүүд хулгайлсан юм. Б.Энхбат хэлэхдээ "Хосгүй үнэт үзмэр огтхон ч байхгүй байхад хэтэрхий өндөр үнэлгээ гаргаж байна" гэж байсан?
-Шүүх дээр "Алдагдсан үзмэрүүдэд хосгүй үнэт үзмэр байгаагүй" гэж байсан. Гэвч бүх л үзмэр дахин давтагдашгүй. Засгийн газраас жилдээ 1-2 удaa хосгүй үнэт үзмэрийн жагсаалтыг шинэчилж баталдаг. Энэ жагсаалтад үзмэрээ оруулж чадаагүй нь бидний ажиллагаа дутсаных. Түүхийн музейн үнэт үзмэрийг цонхгүй, хаалгыг нь гурван давхар цоожилсон өрөөнд хадгалдаг юм. Тэр өрөөнөөс юм үлдээгүй. Буддын урлалын олон бүтээлийг хулгайлсан. Алт, мөнгө, гууль гээд бүхий л төрлийн цутгамал, хөөмөл бурхан, танкаг / бурхны зураг/ авсан байдаг. 1911 оноос хойшхи бүхий л одон, медалийн цуглуулгыг авсан. Алмаз зэрэг үнэт чулуу шигтгэсэн дээрх одонгуудын нэг бүрийн үнэ нь хэдэн мянган ам.доллар хүрдэг. "Эрдэнийн-Очир"-оос эхлээд "Сүхбаатарын одон" зэрэг 72 ширхэг одон, медаль алга болсон.

-Угсаатны зүйн хувьд асар их түүх өгүүлэх үзмэрүүд байсан гэсэн...?
-Улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулдаг зүйл нь тухайн улс, үндэстний бие даасан соёл байдаг. Эхнэр хүний үс, толгойн алт мөнгөөр шарсан гоёл чимэглэлийг авсан. Мөн хэт хутга, мөнгөн аяга гээд угсаатны зүйн хувьд асар их үнэ, цэнэтэйд тооцогдох бүтээлүүд үгүй болсон.

-Музейн үзмэрүүд материаллаг талаасаа гадна түүх өгүүлдэг гэдгээрээ асар их үнэ цэнэтэй. Гэхдээ хамгийн үнэт үзмэр нь юу байв?
-Тухайн үзмэрт орсон материалаас гадна уран сайхны төвшин, түүхэн хугацаа зэргийг харгалзан үнийг нь тогтоодог. Үндэсний музей 1924 онд байгуулагдсан. Анхны музей. Тэгэхээр үзмэрүүд маань ч тэр үеэс бий болсон. Б.Энхбат морь унасан Далх бурхны есөн ширхгээс нэгээс бусдыг нь бүгдийг нь хулгайлсан. (Нэг нь үзмэрийн зааланд байжээ) Энэ алтан шармал бурхад хувийн цуглуулгад ч, бусад музейд ч байдаггүй. Цорын ганц бүтээл. Энэ мэт дахин давтагдашгүй олон зуун бүтээл алга болсон. Чулуун урлалын бүтээлүүдийг олноор нь хулгайлсан. Үндэсний музей хашаар хийсэн бүтээлүүдээрээ алдартай. Тэдгээр бүтээлийг дуусгаад зогсохгүй, цаашлаад аяганы уутны хаш тээгүүдийг хүртэл үлдээлгүй огтлоод авсан байдаг. Сан-Франциско хотын Азийн урлагийн музейн мэргэжилтэн эдгээр бүтээлийг XҮII-XIX дүгээр зууны үед бүтээгдсэн хятад урлаачдын бүтээл гэж үнэлсэн.

Хамгийн сайн чанарын хаш чулуу Перу болон Шинжаанаас олддог. Чанараасаа хамаараад цагаанаас ногоон руу ууссан 80 шахам өнгөтэй байдаг юм. Мэдээж, цагаан хаш нь илүү үнэ хүрдэг. Б.Энхбатын хулгайлсан хаш эдлэлүүд ихэвчлэн цагаан хаш байдаг юм. Олон улсын дуудлага худалдаанд хятадын хаш урлал асар өндөр үнэлэгддэг. Тэгэхээр хулгай хийсэн энэ бүтээлүүдийг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд төвөгтэй.

-Тэр олон үзмэрийг зөөгөөд байхад нь хэн ч мэддэггүй байсан нь гайхалтай юм даа?
-Бид нэг өрөөнд суудаг байсан. Манай өрөөнийхөн зургадугаар cap гараад хөдөө ажлаар явчихна. Б.Энхбат ганцаараа үлддэг байсан. Гааль дээр манай үнэт үзмэрүүд олдсоны дараахан цагдаа нар Б.Энхбатыг ажил дээрээс бариад явахад хүртэл бид тэр хүнийг авсан гэж итгээгүй. Нэлээд том хэмжээтэй Махгал бурхныг хэрхэн гаргасан нь хачирхалтай байгаа юм. Бусад үзмэрийг халаасандаа хийгээд арын хаалгаар гарчихдаг байсан гэж мэдүүлсэн.

-Б.Энхбат батлан даалтад байгаа. Зарим хүн түүнд хулгай хийсэн, зувчуулсан үзмэрээ нуух, цааш нь зарж борлуулах боломж олгож байна гэх юм?
-Үгүй байх аа. Тэр үзмэрүүдийг хэдийнэ хил давуулсан байх.

-Музейн захирал зэрэг хоёр ч хүнийг албан тушаалдаа хайнга хандсан гэж буруутгасан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бил үү?
-Сайн мэдэхгүй байна. Музейн удирдлагууд хариуцлагын тухай ярих юм бол олон юм ярина. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон талаар мэдэхгүй.

-Тэр тооллогыг хугацаанд хийж байсан бол хохирол нь бага гарах байсан гэж харуусах юм?
-Ядаж тал нь ч гэсэн үлдэх байсан. Гааль дээр үнэт эдлэлүүд олдоогүй бол хэдий хүртэл хулгай хийх байсан юм. Гэтэл Монголын үндэсний соёлд халдсан ноцтой хэрэг шийдэгдэхгүй удааширч байна.

-Магадгүй тэрхүү тооллогыг хийхгүй алгуурлаж байснаар А.Очир захирал Б.Энхбатад хулгай хийх боломж олгож байсан юм биш байгаа?
-Тийм юм байхгүй байх аа.

-Миний сонссоноор Б.Энхбат нь гap цүнх барьдаггүй байсан гэсэн. Түүнтэй хамтарч ажилладаг хүн байсан юм болов уу?
-Шүүх хурал дээр Б.Энхбат хэлдэг шүү дээ. "Би хулгайлсан бүх үзмэрээ Дамдинсүрэнд өгдөг байсан" гэж. Тэр Дамдинсүрэн гэдэг нь хаана ямар хүн явдгийг бид мэдэхгүй. Харин Б.Энхбатын хэлснээр бүх үзмэрийг тэр хоёр бие биедээ дамжуулж хил давуулсан байдаг. Шүүх хурал дээр өнөөх Дамдинсүрэн гэдэг нь сураггүй байдаг нь сонин юм. Нэгэнт захиалга өгсөн хүн нь байж байхад яагаад нэгийг нь шийтгэх гээд байдаг юм. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хам хэрэгтнийг татдаггүй нь хачирхалтай байна.

-Хэргийн явцаас харж байхад энэ хэрэг хохирогчгүй болчих вий гэсэн хардлага ч төрж байгаа?
-Шүүх хурал дээр шүүгч хэлж байсан. "Та нар юу нэхэмжилж байгаагаа ч мэдэхгүй шүүх хуралд ирээд байхдаа яадаг юм" гэж. Бид асуудалд ингэж л хандаад байгаа юм. Алдагдсан үзмэрүүдийг нэг бүрийг нь өнгөтөөр хэвлэсэн жагсаалт гаргаж Интерполоор дамжуулан хайвал олдох бүрэн боломжтой. Гэтэл Музейн удирдлага ч, БСШУЯ-наас энэ ажлыг хийхгүй юм. Харин музейн хуучин ажилтнуудад үзмэрээ хулгайд алдсан гэсэн дарамт л байна.