Thursday, December 23, 2010

Музей-судалгаа, сургалт, сурталчилгааны төв болох нь” төвийн бүсийн 6 аймгийн музейн ажилтны сургалт. 2009.09.15 – 2009. 09. 18
Монголын Үндэсний Музейгээс улс аймгийн музейн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2009 онд зохион байгуулсан томоохон ажлуудын нэг нь  төвийн бүсийн 6 аймгийн музейн ажилтнуудыг хамруулан Баянхонгор аймгийн түүх угсаатны музей дээр зохион байгуулсан “Музей – судалгаа, сургалт, сурталчилгааны төв болох нь” сэдэвт  сургалт байлаа. Энэ оны 9 дүгээр сарын 15-17-ны хооронд зохион байгуулсан уг сургалтыг Монголын Үндэсний музейн захирал Ж. Саруулбуян, Арга зүйн албаны дарга М. Цэрмаа, арга зүйч Д. Бумаа, бүртгэл мэдээллийн санч  Л. Энхтуяа, санхүү аж ахуйн албаны ажилтан Д. Тогтохбаяр нар очиж зохион байгуулсан юм. Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, соёлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн болон албаны бусад хүмүүс бидний ажлыг дэмжиж оролцон ач холбогдол өгч байсанг тэмдэглэх нь зүйтэй.  Сургалтанд “Музей судалгаа, сургалт сурталчилгааны төв болох нь ” сэдвээр МҮМ-н захирал Ж.Саруулбуян “музейн дэглэлт ба бичмэл тайлбар” сэдвээр арга зүйч Д.Бумаа, “Музейн үзэсгэлэн, үзмэрийн судалгаа, сургалт сурталчилгааны ажлын талбар” сэдвээр арга зүйч М. Цэрмаа, “Түр үзэсгэлэн зохион байгуулах ажлын туршлагаас” сэдвээр Л. Энхтуяа тус тус мэдээлэл хүргэсэн нь оролцогч музейн ажилтнуудын анхаарлыг татсан цаг үеэ олсон мэдээлэл болсон юм. Сургалтанд Баянхонгор аймгийн музейн -7, Говь Алтай аймгийн мзейн -5, Архангай аймгийн музейн-5, Өвөрхангай аймгийн музейн -1, Булган аймгийн музейн -1, Хөвсгөл аймгийн музейн -1 нийт 25 хүн оролцсоны ихэнх нь музейн сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад ихээхэн үүрэг бүхий эрдэм шинжилгээний ажилтан боловсрол, олон нийт, санхүү, захиргааны ажилтанууд байсан. Энэхүү сургалт уулзалтын хоёр дох өдөр Баянхонгор аймгийн байгалийн түүхийн музей дээр зохион байгуулсан “Музейн хөгжил, цаашид авах арга зам” сэдэвт онол практикийн бага хурал болж оролцогч музей бүр өөрсдийн үйл ажиллагаа, онцлог байдал, дутагдалтай болон давуу талуудаас танилцуулан хэлэлцүүлсэн. Ингэснээр музейн үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахад ихэнх музейд тулгамдаад буй зарим асуудлыг онцлон зөвлөмж бичиж боловсруулан холбогдох дээд байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв. Энэ удаагийн төвийн бүсийн музейн ажилтнуудын сургалт уулзалт нь цөөн тооны тодорхой мэргэжлийн хүмүүсийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг хүргэсэн тул үр дүнтэй өндөр ач холбогдолтой ажил болсныг сургалтанд оролцогчид илэрхийлж байлаа.

No comments:

Post a Comment