Wednesday, December 15, 2010

үзүүлэн

Үндэсний музейд гурилаар урласан эд өлгийн зүйлсийг дэлгэлээ


 Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр залуу уран бүтээлч С.Ганзүг “Өнөөгийнхөнд хүргэх гэсэн бас нэг учир шалтгаан гэвэл...” үзэсгэлэнгээ нээлээ. С.Ганзүг 2000 онд “Сэтгэмж” дизайны дээд сургуулийг дүүргэсэн ба гурилаар дагнан уран бүтээл хийдэг аж. Эртний булшнаас олдсон гэмээр эд өлгийн зүйлсийг гурилаар хийсэн нь сонирхолтой санагдлаа.
Мөн хүний нүүрний элдэв төрлийн хувирлыг гамбир шиг хэлбэртэй хайрсан гурилаар харуулсан байв. Залуу барималч маань үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үйл хөдлөлийн урлагийн дээжээс үзэгчдэд сонирхуулсан юм. Өрнүүн амьдралыг өөр өнцгөөс харах шинэ нүдийг хүн бүрт “хайрлах”- ын тулд үйл хөдлөлийн урлаг бий болсон гэсэн. Харамсалтай нь С.Ганзүгийн үзүүлсэн үйл хөдлөлийн урлагийг жирийн үзэгч би огт ойлгосонгүй. Тодруулбал, тэрбээр хуурай гурил газраар цацаад, саванд гурил хийж зуурах зуураа уртын дуу дуулж байсан. Ингэхдээ зориулсан дууг нь гурил мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байх аж.
Тэгэхээр ямар ч айлын эхнэр энэ үйл хөдлөлийн урлагийг үзүүлж чадах юм шиг санагдсан шүү. Орчин үеийн урлагийн төрлийг ойлгож мэдэх ч амаргүй юм шиг ээ. Гэхдээ залуу уран бүтээлч С.Ганзүг Улс тунхагласан баярын өдрөөр “Өнөөгийнхөн ба урлаг” нээлттэй ярилцлага зохион байгуулж үзэсгэлэн болон үйл хөдлөлийн урлагийн талаар лекц унших юм билээ. Түүнчлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ч бас нэгэн шинэ үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн юм.

No comments:

Post a Comment