Wednesday, December 15, 2010

Сүхбаатар жанжны хөшөө

Жанжны хөшөөний эх хувийг Монголын Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт бүртгэж авлаа

2010 оны 10-р сарын 27
Жанжны хөшөөний эх хувийг Монголын Үндэсний түүхийн музейн сан 
хөмрөгт бүртгэж авлаа
Арслангуудыг холбодог гинж хаана байна вэ?
Улсын нийслэл Улаанбаатарын төв цэг болсон Д.Сүхбаатарын хөшөө нутаг заагдаж Баянзүрх дүүргийн “Тохижилт” компанийн хашаанд хог мэт хэвтэж байгааг, чулуун арслангууд нь Амгалан дахь Д.Сүхбаатар жанжны гэрийн буурин дээр орхигдсоныг манай сонин цуврал нийтлэлээрээ дэлгэн тавьснаар Монголын түүх мөхлийн ирмэгт ойрхон байгааг сануулсан.

Гэхдээ асуудал үүгээр дууссангүй. Хөшөөний хамт хийгдсэн, арслангуудыг холбосон гинжний тухай энэ хугацаанд хэн ч дуугарсангүй. Арслангуудын амнаас гарсан цэцгээр холбогддог энэхүү гинжний зургийг Төрийн шагналт барималч С.Чоймбол агсан зурж, хэмжээг нь гарган төмрийн заводод захиалгаар цутгуулсан түүхтэй. Дайны дараах хүнд хэцүү, хайлш ховор үед хийгдсэн Монголын анхны, том төмөр гинж хаана байгааг бид сонирхсон юм.

Д.Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх ажлын хэсгийн дарга M.Гантөмөртэй утсаар холбогдож тодрууллаа.

М.Гантөмөр: Та нарт хөшөөний гинж ямар хамаатай юм бэ?


-Хөшөөг хүрэлдэх ажил ямархуу явцтай байна вэ. Д.Сүхбаатарын хөшөөг тойрсон арслангуудыг холбосон гинжийг яасан юм бол?
-Гинжийг хадгалсан. Хөшөөг хүрэлдэж дуусахад буцааж ашиглана.

-Магадгүй шинэчилж, сайжруулна гээд төмрийн хог болгочихоогүй байгаа гэсэн асуултыг иргэд олноор тавьж байна?
-Ер нь тэр хөшөөний гинж та нарт ямар хамаатай юм бэ?

-Хөшөө өөрөө түүхийн үнэт зүйл учраас бид асууж тодруулах эрхтэй шүү дээ?
-Та нар ийм юм бичихээ болимоор юм… гэснээр бидний яриа өндөрлөв. Харин хөшөөний гинжийг Баянзүрх дүүргийн “Тохижилт” үйлчилгээний компанийн хашаанд байгаа сургаар Ц.Цогтсайхан даргатай холбогдоход “Манай компанийн агуулахад хөшөөний гинж хадгалаатай байгаа нь үнэн. Бүрэн бүтнээр нь хадгалж байгаад хөшөөг хүрэлдэж дуусахад буцааж авна гэсэн. Өнгөрсөн даваа гаригт Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын өв соёлыг хамгаалах төвийнхөн ирж үзээд, зургийг нь аваад, баримтжуулаад явсан. Тиймээс та нар санаа зоволтгүй” гэсэн юм.

Жарны туршид үүх түүхийн нэгээхэн хэсэг болон өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн жанжны хөшөө, шавар арслангууд, түүнийг холбосон гинж хэн нэг буруу санаатны гараар орж, устаж үгүй болох вий гэж Монгол хүн бүр санаа зовж байна. Учир нь Монголын түүх, соёлын нэгээхэн үнэт бүтээл болох Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд болзож уулзаагүй хос, зургаа татуулаагүй Монгол хүн байхгүй. Манай улсад ирсэн төр засгийн зочид төлөөлөгчид, энгийн жуулчид ч заавал Сүхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг.

Гэтэл ор хоосон онгойн харлах энэ хөшөөний буйр хүмүүсийн түүх соёлоо хүндэтгэх, хайрлан хамгаалах сэтгэлийг огшоосон. Үүний илрэл болж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Д.Сүхбаатарын хөшөөний эх хувь бол үндэсний түүхийн маш чухал ач холбогдолтой зүйл. Үндэсний түүхийн музейд очих ёстой гэж бодож байгаа. 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор бүтээж 64 жилийн турш Монголын ард түмний хүндэтгэл, авшиг шингэсэн, үе үеийн төр засгийн удирдлагууд болон ард иргэд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байсан хөшөө. Хамгийн гол нь эх хувь нь юм. Эх хувийг ямар ч байдлаар өөрчлөөд эх хувь ганцхан л байдаг. Тэгэхээр цорын ганц эх хувь, урлагийн хосгүй бүтээлийн хувьд Жанжны энэ хөшөөнд орсон чулуу бүр, элсний ширхэг болгон түүхийн болоод урлагийн маш хүндтэй дурсгалт зүйл. С.Чоймбол гуай энэ хөшөөг бүтээснээрээ Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. Монголын төр тухайн үедээ уг бүтээлийг өндөр үнэлж асар том урлагийн бүтээл байсныг нь зөвшөөрч байсан. Ийм чухал, цорын ганц бүтээл маань хаа нэгэн газар үрэгдэж хаягдах вий, тэнд орсон элс шорооноос эхлээд, арслан, гинжнүүд нь бүгд асар үнэтэй түүхийн дурсгал шүү.” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн.

64 жил Монголчуудын шүтээн болж ирсэн Д.Сүхбаатарын хөшөөг хүрэлдэх ажил эхлүүлсэн нь сайшаалтай ч, саар асуудал дагуулж байгааг бид цаг тухайд нь мэдээлж байсны үр дүнд түүхийн дурсгалт үнэт өв соёлоо устаж үгүй болохоос сэрэмжилж, үндэсний түүхийн сан хөмрөгт бүртгүүлж чадлаа. Монголын Үндэсний түүхийн музейн менежер Д.Мөнхтогоотой хөшөөг түүхийн үнэт бүтээлээр албан ёсоор бүртгэж авсных нь дараа ярилцлаа.

Д.Мөнхтогоо: Хөшөөг хотын захиргаа хадгалж хамгаалах үүрэгтэй

-Д.Сүхбаатарын хөшөөг Монголын үндэсний түүхийн сан хөмрөгт бүртгэж авсан гэсэн үү?
-Өчигдөр/уржигдар/ манай сан хөмрөгийн ажилчид болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүргийн “Тохижилт” компанийн байранд очсон. Бидэнтэй Ерөнхий сайдын дэргэдэх улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад хяналт тавих засгийн газрын төлөөлөгч М.Гантөмөр дарга хамт явсан. Музейн үзмэрийг ямар стандарт шаардлага тавьж бүртгэлжүүлж, сан хөмрөгтөө авдаг тэр журмаар хэмжилт хийгээд баримтжуулж, зураг хөргийг нь аваад, гэмтлийг нь тодорхойлж Монголын үндэсний түүхийн музейн сан хөмрөгт албан ёсоор бүртгэж авлаа.

-Арслан, гинжийг нь бас бүртгэсэн биз дээ?
-14 арслан, 14 гинж тоо ёсоороо байна лээ. Бид тоолоод, зургийг нь аваад, баримтжуулаад ирсэн. Хүрэлдсэн шинэ хөшөөн дээр хуучин 14 ширхэг гинжийг ашиглана гэж байсан. Жанжны гэрийн буйр байсан газрыг Баянзүрх дүүргийнхэн тохижуулаад цэцэрлэгт хүрээлэн болгож байгаа юм билээ. Тэнд арслангуудыг байрлуулсан байна.

-Хөшөөг буулгахдаа буруу ажиллаж, гадаа орхисноос болоод нэлээдгүй хэсэг нь эвдэрч гэмтсэн байна лээ. Бүрэн бүтэн хэвийг нь авах боломж байгаагүй юм болов уу?
-Хөшөөний өндөр нь 4.50 см учир манай музейн хаалгаар бүү хэл, хэр баргийн том хаалгаар багтаж орохгүй. Тиймээс “Тохижилт” компанийн хашаан дотор 24 цагийн харуул хамгаалалт дор гадуур нь хучлагаар бүтээгээд хадгалж байна лээ. Музейн үзмэрт бүртгэхдээ гэмтэл согогийг нь нэг бүрчлэн бичиж, зургийг нь авдаг. Сүүл, зарим нэг хөлийнх нь шавар бага зэрэг бутарч унасан, үйрсэн байна лээ. Тэр гэмтлүүд нь гүйцэтгэгч хүмүүсийн буруугаас болсон гэж хэлж болохгүй. Хөшөөний доод сууринд байгалиас чулуу авчраад түүн дээрээ арматур төмөр тогтоогоод, хөшөөгөө барьсан юм билээ. Тэр арматурыг зүсэхэд тодорхой хэмжээгээр шавар нь нурна. 60 гаруй жилийн элэгдлээс цууралт өгсөн хэсэг ч байна.

-Хөшөөний эх хувийг дахин сэргээн засварлана биз дээ?

-Хөшөөг шинээр хүрэлдэхээр тендерт ялсан Монголын уран барималч Очирбал тэргүүтэй уран бүтээлчдээр сэргээн засварлуулаад Баянзүрх дүүрэгт Д.Сүхбаатар жанжны гэрийн буйран дээр байрлуулах нь зүйтэй гэсэн санааг М.Гантөмөр дарга ярьж байна лээ.

-Хөшөө түүхийн музейд албан ёсоор бүртгэлтэй болчихоор хаана байрлуулж, яаж хамгаалахаа танайх шийднэ гэсэн үг үү?

-Энэ хөшөө албан ёсоор нийслэлийн өмч, нөгөө талаар соёлын өв гэдэг утгаар соёлын өвийн тухай хуулиар хамгаалагдсан заалтуудын дагуу хотын захиргаа хадгалж, хамгаалах үүрэгтэй. Бид энэ хөшөөг тэнд энд байрлуулна гэсэн шийдвэрийг дангаар гаргах эрхгүй. Хотын дарга, иргэдийн хурлаар оруулж шийдвэр гаргах байх. Хөшөөгөө музейд авчрах боломжгүй учраас хаана байрлуулна тэнд нь очоод харуул хамгаалалт, хадгалалтад нь хяналт тавьж, музейн сан хөмрөгтөө бүртгэх үүрэгтэй.

No comments:

Post a Comment