Wednesday, December 15, 2010

музейд

Улс төрийн томчуудын гэргий Үндэсний музейд “тухаллаа”  



Монголын “Саран ээж” нийгэмлэг, Үндэсний түүхийн музейтэй хамтран “Монгол эхийн гайхамшиг” нэртэй үзэсгэлэнгээ өчигдөр нээлээ. Үзэсгэлэнд Ю.Цэдэнбал агсны гэргий Филатова, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн гэргий Д.Нямаа нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээс эхлээд олон сонирхолтой зүйл
дэлгэгдсэн байна билээ. Түүнчлэн “Саран ээж” нийгэмлэгээс алдарт ээжээр тодорч байсан сайхан бүсгүйчүүдийн эд зүйлс ч дэлгэгджээ. Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн уг үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Ингээд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Саран ээж” нийгэмлэгийн дэд захирал, “Ээж музей” сангийн тэргүүн Б.Лхамсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Та бид хоёр Ю.Цэдэнбал агсны ээжийн зураг болон эдэлж хэрэглэж байсан зүйлийн өмнө ирээд байна. Ю.Цэдэнбалын ээжид Х.Чойбалсан цагаан сараар барьсан аяга хадагийн хамт гэсэн тайлбар нь сонин санагдлаа. Эдгээр зүйл танай музейд хэрхэн яаж ирсэн юм бэ?

-Ю.Цэдэнбал гуайн дүү Жавзан гэж Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд амьдардаг багш хүн бий. Түүнээс ирсэн зүйл л дээ. Цэдэнбал гуайн ээж арван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Тэдний нэг нь манай нам төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал гуай байгаа юм. Харин энэ үзэсгэлэнд тавигдсан зүйлийн нэг болох хадаг, аягыг 1950 оны цагаан сараар Хорлоогийн Чойбалсан гуай дүүрэн ааруултай Ю.Цэдэнбал гуайн ээж Я.Заяа гуайд өгч байсан байгаа юм. Харахад зүгээр шаазан аяга шиг хэрнээ алтадсан аяга л даа. Тэгээд ч Я.Заяа гуай өөрөө алтан аяга гэж нэрлэдэг байсан гэсэн. Гэхдээ алтадсан хятад хийцийн шаазан аяга юм билээ. Доороос нь харах юм бол алтадсан аяга гэдэг нь их сайн харагдана. Гэхдээ бид бэлгэдлийг бодож доош нь харуулж тавьсангүй.
-Алтадсан аяга дэлгүүрт худалдаалагдана гэж байхгүй байх. Тиймээс Х.Чойбалсан гуай өөрөө захиалж хийлгэсэн юм болов уу?
-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Зүгээр би бодохдоо тухайн үед хятад дархчуудаар хийлгэсэн болов уу гэж бодох юм. Магадгүй 1950-иад онд дэлгүүрт худалдаалагддаг байсан аяганаас аваад хүндтэй хүнд бэлэглэх гэж байгаа гэдэг үүднээсээ гадуур нь алтадуулсан байж болох юм.
-Бас нэг сонин үзмэр анхаарал татаад байна. Энэ бол АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн гэргий Нямаагийн эдэлж хэрэглэж явсан зүйл?
-БНМАУ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг маш өндөр боловсролтой сайн удирдагч хүн байсныг манай монголчууд мэднэ. Түүний гэргийдээ бэлэглэсэн асаагуураас эхлээд эхнэр Нямаагийнх нь хэрэглэж байсан цүнх тэргүүтэн тавигдсан байгаа нь энэ. Бас нэг сонин үзмэр нь Нямаа гуайд БНХАУ-ын дарга Мао Зэдүнгээс 1951 онд дурсгал болгосон ногоон хаш бойпор байна. Түүний эдгээр зүйлийг Ж.Самбуу гуайн хүү Сүрэнжаваас авч бид “Ээж музей”-дээ хадгалж байгаа юм. Энэ хүн бас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд амьдардаг л даа.
-Д.Нямаа гуайн хэрэглэж байсан энэ цүнхний хийц их чамин юм. Сүүлийн үед хүмүүсийн ханын чимэглэл болгон урлаад байгаа оёдолтой адилхан юмаа?
-Тиймээ. Үнэхээр тансаг цүнх байгаа биз. Чиний хэлсэнчлэн сүүлийн үеийн чимэглэл болгон урлаад байгаа оёдолтой тун төстэй юм билээ. Магадгүй цүнхний чимэглэл тэр ханын чимэглэлтэй ижил технолгиор хийгдсэн байх. Гэхдээ энэ цүнхийг Хятад цүнх гэж би бодохгүй байна. Самбуу гуай өөрөө чамин юманд дуртай байсан учраас гадаадын аль нэг улсад явж байхдаа л арчирч өгсөн байх. Хүүхдүүд нь хаанаас авчирч өгснийг сайн мэддэггүй юм. Харин энэ цүнхэндээ мөнгө төгрөг нямбайлан хадгалж түүгээрээ хүүхдүүдэд чихэр боов гээд амттан авч өгдөг их энэрэнгүй сэтгэлтэй эмэгтэй байсан байгаа юм. Он удаан жил хэрэглэсэн гэхэд өнгө үзэмж нь сайхан байгаа биз дээ. Оосор нь ч өнгөө алдаагүй сайхан байгаа. Бас Д.Нямаа гуайг Гадаад явдлын яаманд албан хаагч байхад нь БНМАУ-ын аюулаас хамгаалах яамны 50 жилийн ойн медалиар шагнаж байсан юм билээ. Үзэгч түмэнд сонин байх болов уу гээд энэ медиалийг нь дэлгэн тавилаа. Мөн 1947 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Д.Нямаа гуайг бичиг үсэг тайлагдсан хүн юм гэснийг баталсан Ардын гэгээрүүлэх яамнаас олгосон үнэмлэх бий. Энэ мэтчилэн сонирхолтой бүтээл их бий. Ер нь нэгэн цагт төр засгийн тэргүүн явсан хүмүүсийн гэргий нар Үндэсний музейд тухалсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй.
-Ж.Самбуу гуайн гэргийдээ бэлэглэж байсан асаагуур одоо ч хэрэглэдэг юм шиг янзаараа харагдсан шүү?
-Тиймээ. Олон жил хадгалсан гэхэд их цэвэрхэн байгаа биз дээ. Чухам хэдэн жил хадгалсан хаанаас авчирч өгснийг нь бид сайн мэдээгүй байна. Энэ удаагийнхаа үзэсгэлэнгээр олон түмэндээ үзүүлчихээд буцаагаад өгье гэсэн зөвшөөрөл аваад  тавьчихаад байгаа нь энэ.
-Ингэхэд үзэсгэлэнд хэдэн бүтээл дэлгэгдсэн бэ?
-Манай “Саран ээж” нийгэмлэгийг үүсгэн байгуулж байсан хүмүүсээс эхлээд “Саран ээж” нийгэмлэгээс шагнал авсан маш олон хүний бүтээл бий. Манай нийгэмлэгээс гаргасан номнууд ч нэлээд олон бий. Мөн манай нийгэмлэгээс саран ээжээр тодорч байсан Л.Цогзолмаагийн “XX зууны манлай эмэгтэй” гэсэн цол өргөмжлөл нь байна. Монголын гайхамшигт эмэгтэй гэсэн өргөмжлөл нь ч байгаа. Монголын “Саран ээж” нийгэмлэг байгуулагдаад 15 жил болохдоо 900 гаруй хүнийг саран ээж, элбэрэлт ээж, буянтай ээж гээд олон сайхан шагнал өгч алдаршуулсан. Бас 900 гаруй хүнд хүндэт медаль гардуулсан. Тэдгээр хүмүүсээрээ “Ээжийн сайхан суварга” гэж 108 боть  ном гаргахаар төлөвлөж эхний гурвыг нь гаргаад байгаа. Энэ мэтчилэн “Саран ээж” нийгэмлэгтэй холбоотой олон сонирхолтой зүйл бий.
-Филатоватай холбоотой зүйл бас сонирхолтой байсан. Танай нийгэмлэгээс гаргасан үзмэр үү?
-Энэ үзэсгэлэн маань Монголын саран ээж нийгэмлэг болон Монголын үндэсний музейгээс хамтран гаргаж байгаа үзэсгэлэн шүү дээ. Филатова гуайн эд зүйлсийн тухайд Үндэсний музейн үзмэрүүд. Филатовагийн өдрийн тэмдлэглэлээс нь эхлээд их олон сонирхолтой үзмэр тавигдсан байна билээ. Энэ ташрамд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Юу гэхээр манай “Саран ээж” нийгэмлэг 1997 онд Филатова гуайг “Монголын буянтай ээж” өргөмжлөлөөр өргөмжилж энэхүү шагналыг нь хүү Ц.Зоригоор Орос руу явуулсан юм. Тэгэхэд Филатова гуай “Монголчууд намайг мартаагүй байна” гээд ихэд баярласан гэдэг. Бидний хувьд ч гэсэн үүндээ их баяртай байдаг. Яагаад гэхээр манай нийгэмлэг Монгол улсаа төлөөлөөд түүнд энэ сайхан шагналаа өглөө шүү дээ. Энэ үүднээсээ бид түүнийг амьд ахуйд нь бага ч гэсэн баярлуулсан гэж үзэн өөрсдөө сэтгэл өег байдаг. Энэ хүн бол Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийн төлөө маш их зүйл хийсэн хүн шүү дээ.

No comments:

Post a Comment