Wednesday, December 15, 2010

ноцтой хэрэг

Үндэсний соёлд халдсан ноцтой хэрэг шийдэгдэхгүй удааширч байна PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх


Монголын үндэсний түүхийн музейн сан хөмрөгч асан Б.Энхбат нь тус музейгээс 12 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх үзмэр зувчуулсан. Музейн ажилтнууд болон түүхчид энэ хэргийг эх орноосоо урвасантай адилтган

жигшиж, хэвлэлүүдээр "түүх хулгайлсан түүхч"-ийн шүүх хурлын талаар мэдээлдэг ч уг хэрэг гурван удаа мөрдөн байцаалтад буцаад байгаа юм. Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Аюуштай энэ хэргийн талаар ярилцлаа.

-Та Б.Энхбатыг хэдийнээс мэдэх вэ?
-Бид 1990-ээд онд Түүхийн хүрээлэнд хамт ажиллаж байсан юм. Тэр үеэс л мэднэ. Хүнийхээ хувьд их л томоотай хүн.

-Түүхчийнхээ хувьд хэр мэдлэгтэй хүн юм бэ. Эрдэм шинжилгээний ажилтан байсан гэл үү?
-Түүхийн шинжлэх ухааны чиглэлээр хийж бүтээсэн юмгүй. Ганц, хоёр удаа хээрийн судалгаанд оролцож байсан. Ээж нь Улс төрийн товчооны гишүүн байсан Майдар гуайн ойрын хамаатан юм. Тиймдээ л Түүхийн хүрээлэнд удсан байх. Нийгмийн идэвхи муутай, бүтээлч бус хүн.

-Айхтар, ном ихтэй айлын хүүхэд гэж сонссон. Үнэн үү?
-Аав нь Хөдөлмөрийн баатар, Ардын багш А.Базар гэж хүн байсан гэж сонссон.

-Тус музейн захирлаар ажиллаж байсан доктор Ичинноров агсан Б.Энх¬батыг Сан хөмрөгийн эрхлэгчээр томилчихоод "Найдвартай хүнд үзмэрээ даатгуулчихлаа" гэж хөөрч байсан гэсэн?
-Түүхийн хүрээлэнд археологийн сан хөмрөгчөөр ажиллаж байхад нь А.Очир захирал ажлаас нь халсан юм билээ. Тэгээд л манайд ажил хайж ирж байсан. Тэр үеэс л манайд ажиллах болсон юм. Дуу цөөнтэй, томоотой болохоор нь хэн хүнгүй итгээд л ажилд авсан юм.

-Үзмэрүүдийг зарж мөнгийг нь архинд өгсөн гэж мэдүүлдэг юм билээ. Архи уудаг байсан уу?
-Архи ууна аа. Хаяа нэг ажлаа таслаад алга болчихдог байсан. Гэхдээ тэр их мөнгөөр архи ууна гэж юу байх вэ. Тоймгүй өндөр үнэд хүрэх үзмэр хулгайлсан байгаа биз дээ.

-Ихэвчлэн ямар төрлийн үзмэрүүд хулгайлсан юм. Б.Энхбат хэлэхдээ "Хосгүй үнэт үзмэр огтхон ч байхгүй байхад хэтэрхий өндөр үнэлгээ гаргаж байна" гэж байсан?
-Шүүх дээр "Алдагдсан үзмэрүүдэд хосгүй үнэт үзмэр байгаагүй" гэж байсан. Гэвч бүх л үзмэр дахин давтагдашгүй. Засгийн газраас жилдээ 1-2 удaa хосгүй үнэт үзмэрийн жагсаалтыг шинэчилж баталдаг. Энэ жагсаалтад үзмэрээ оруулж чадаагүй нь бидний ажиллагаа дутсаных. Түүхийн музейн үнэт үзмэрийг цонхгүй, хаалгыг нь гурван давхар цоожилсон өрөөнд хадгалдаг юм. Тэр өрөөнөөс юм үлдээгүй. Буддын урлалын олон бүтээлийг хулгайлсан. Алт, мөнгө, гууль гээд бүхий л төрлийн цутгамал, хөөмөл бурхан, танкаг / бурхны зураг/ авсан байдаг. 1911 оноос хойшхи бүхий л одон, медалийн цуглуулгыг авсан. Алмаз зэрэг үнэт чулуу шигтгэсэн дээрх одонгуудын нэг бүрийн үнэ нь хэдэн мянган ам.доллар хүрдэг. "Эрдэнийн-Очир"-оос эхлээд "Сүхбаатарын одон" зэрэг 72 ширхэг одон, медаль алга болсон.

-Угсаатны зүйн хувьд асар их түүх өгүүлэх үзмэрүүд байсан гэсэн...?
-Улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулдаг зүйл нь тухайн улс, үндэстний бие даасан соёл байдаг. Эхнэр хүний үс, толгойн алт мөнгөөр шарсан гоёл чимэглэлийг авсан. Мөн хэт хутга, мөнгөн аяга гээд угсаатны зүйн хувьд асар их үнэ, цэнэтэйд тооцогдох бүтээлүүд үгүй болсон.

-Музейн үзмэрүүд материаллаг талаасаа гадна түүх өгүүлдэг гэдгээрээ асар их үнэ цэнэтэй. Гэхдээ хамгийн үнэт үзмэр нь юу байв?
-Тухайн үзмэрт орсон материалаас гадна уран сайхны төвшин, түүхэн хугацаа зэргийг харгалзан үнийг нь тогтоодог. Үндэсний музей 1924 онд байгуулагдсан. Анхны музей. Тэгэхээр үзмэрүүд маань ч тэр үеэс бий болсон. Б.Энхбат морь унасан Далх бурхны есөн ширхгээс нэгээс бусдыг нь бүгдийг нь хулгайлсан. (Нэг нь үзмэрийн зааланд байжээ) Энэ алтан шармал бурхад хувийн цуглуулгад ч, бусад музейд ч байдаггүй. Цорын ганц бүтээл. Энэ мэт дахин давтагдашгүй олон зуун бүтээл алга болсон. Чулуун урлалын бүтээлүүдийг олноор нь хулгайлсан. Үндэсний музей хашаар хийсэн бүтээлүүдээрээ алдартай. Тэдгээр бүтээлийг дуусгаад зогсохгүй, цаашлаад аяганы уутны хаш тээгүүдийг хүртэл үлдээлгүй огтлоод авсан байдаг. Сан-Франциско хотын Азийн урлагийн музейн мэргэжилтэн эдгээр бүтээлийг XҮII-XIX дүгээр зууны үед бүтээгдсэн хятад урлаачдын бүтээл гэж үнэлсэн.

Хамгийн сайн чанарын хаш чулуу Перу болон Шинжаанаас олддог. Чанараасаа хамаараад цагаанаас ногоон руу ууссан 80 шахам өнгөтэй байдаг юм. Мэдээж, цагаан хаш нь илүү үнэ хүрдэг. Б.Энхбатын хулгайлсан хаш эдлэлүүд ихэвчлэн цагаан хаш байдаг юм. Олон улсын дуудлага худалдаанд хятадын хаш урлал асар өндөр үнэлэгддэг. Тэгэхээр хулгай хийсэн энэ бүтээлүүдийг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд төвөгтэй.

-Тэр олон үзмэрийг зөөгөөд байхад нь хэн ч мэддэггүй байсан нь гайхалтай юм даа?
-Бид нэг өрөөнд суудаг байсан. Манай өрөөнийхөн зургадугаар cap гараад хөдөө ажлаар явчихна. Б.Энхбат ганцаараа үлддэг байсан. Гааль дээр манай үнэт үзмэрүүд олдсоны дараахан цагдаа нар Б.Энхбатыг ажил дээрээс бариад явахад хүртэл бид тэр хүнийг авсан гэж итгээгүй. Нэлээд том хэмжээтэй Махгал бурхныг хэрхэн гаргасан нь хачирхалтай байгаа юм. Бусад үзмэрийг халаасандаа хийгээд арын хаалгаар гарчихдаг байсан гэж мэдүүлсэн.

-Б.Энхбат батлан даалтад байгаа. Зарим хүн түүнд хулгай хийсэн, зувчуулсан үзмэрээ нуух, цааш нь зарж борлуулах боломж олгож байна гэх юм?
-Үгүй байх аа. Тэр үзмэрүүдийг хэдийнэ хил давуулсан байх.

-Музейн захирал зэрэг хоёр ч хүнийг албан тушаалдаа хайнга хандсан гэж буруутгасан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бил үү?
-Сайн мэдэхгүй байна. Музейн удирдлагууд хариуцлагын тухай ярих юм бол олон юм ярина. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон талаар мэдэхгүй.

-Тэр тооллогыг хугацаанд хийж байсан бол хохирол нь бага гарах байсан гэж харуусах юм?
-Ядаж тал нь ч гэсэн үлдэх байсан. Гааль дээр үнэт эдлэлүүд олдоогүй бол хэдий хүртэл хулгай хийх байсан юм. Гэтэл Монголын үндэсний соёлд халдсан ноцтой хэрэг шийдэгдэхгүй удааширч байна.

-Магадгүй тэрхүү тооллогыг хийхгүй алгуурлаж байснаар А.Очир захирал Б.Энхбатад хулгай хийх боломж олгож байсан юм биш байгаа?
-Тийм юм байхгүй байх аа.

-Миний сонссоноор Б.Энхбат нь гap цүнх барьдаггүй байсан гэсэн. Түүнтэй хамтарч ажилладаг хүн байсан юм болов уу?
-Шүүх хурал дээр Б.Энхбат хэлдэг шүү дээ. "Би хулгайлсан бүх үзмэрээ Дамдинсүрэнд өгдөг байсан" гэж. Тэр Дамдинсүрэн гэдэг нь хаана ямар хүн явдгийг бид мэдэхгүй. Харин Б.Энхбатын хэлснээр бүх үзмэрийг тэр хоёр бие биедээ дамжуулж хил давуулсан байдаг. Шүүх хурал дээр өнөөх Дамдинсүрэн гэдэг нь сураггүй байдаг нь сонин юм. Нэгэнт захиалга өгсөн хүн нь байж байхад яагаад нэгийг нь шийтгэх гээд байдаг юм. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хам хэрэгтнийг татдаггүй нь хачирхалтай байна.

-Хэргийн явцаас харж байхад энэ хэрэг хохирогчгүй болчих вий гэсэн хардлага ч төрж байгаа?
-Шүүх хурал дээр шүүгч хэлж байсан. "Та нар юу нэхэмжилж байгаагаа ч мэдэхгүй шүүх хуралд ирээд байхдаа яадаг юм" гэж. Бид асуудалд ингэж л хандаад байгаа юм. Алдагдсан үзмэрүүдийг нэг бүрийг нь өнгөтөөр хэвлэсэн жагсаалт гаргаж Интерполоор дамжуулан хайвал олдох бүрэн боломжтой. Гэтэл Музейн удирдлага ч, БСШУЯ-наас энэ ажлыг хийхгүй юм. Харин музейн хуучин ажилтнуудад үзмэрээ хулгайд алдсан гэсэн дарамт л байна.

No comments:

Post a Comment