Thursday, December 23, 2010

Монголын Үндэсний Музей нь Монгол Улсын БСШУЯамны удирдлагад соёл, шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд монгол нутагт хүн анх үүссэн нэн эртний үеэс эдүгээ хүртэлх монголын түүх, соёлын үзмэр, үзүүллэгийг дэглэн олон нийтэд толилуулдаг. Мөн соёлын өвийг хадгалан хамгаалах, ижил төст байгууллагатай хамтран ажиллах нийгмийн сайн сайхны төлөө ажиллах олон талт үүрэгтэй. Одоо тус музей нь 50 гаруй ажиллагсадтай, эрдэм шинжилгээ судалгааны цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаад, дотоодын музей, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй амжилттай хамтран ажилладаг.

Музей анхны цуглуулгаа 1924 оноос хийж эхэлсэн хийгээд 1956 онд Улсын Төв Музей байгалийн түүх, палентлогийн тасаг, эртний болон дундад зууны түүх, угсаатны тасаг бүхий цогцолбор музейн хэлбэрээр ажиллаж байлаа. 1971 онд Хувьсгалын музей байгуулагдан хувьсгал ба нийгмийн түүхийг олон нийтэд дэглэн үзүүлж байв. Монгол оронд ардчилалын үйл явц эхэлсэн 1991 онд монголын музейнүүд цуглуулгын төрөл чиглэлээрээ дахин шинэчлэн байгуулагдсаны нэг нь Монголын Үндэсний Түүхийн Музей юм. Монголын археологи, түүх, угсаатны соёлыг цогц байдлаар дэглэн орчин үеийн музейн үйлчилгээг олон нийтэд хүргэхэд анхаарч байлаа. 2008 оны хавар бид музейн статус, нэрээ шинэчлэн Үндэсний музей болон өргөжлөө. Монгол улсын засгийн газрын 2009.02.04-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Монгол төрийн түүхийн музей” Монголын Үндэсний Музейн харьяанд шинэтгэн байгуулагдсан. -Монголын үндэсний музейн харьяанд Чингис хааны дурсгалын хөшөө, төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын үндсэн хэсэг болох Монгол төрийн түүхийн музей ажилладаг.


Одоо манай музейн гол зорилгын нэг нь гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн орчин үеийн үндэсний музейн жишигт хүрэх, музейг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн 17 оронд монголын соёл, түүхийн тухай өгүүлсэн 28 тусгай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан.

No comments:

Post a Comment