Thursday, December 23, 2010

үзмэрийн шилжилт хөдөлгөөн


 
МХЕГ, НМХГ, Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төвөөс 2010 онд Улс, аймгийн музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамтарсан шалгалт хийсэн дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Шалгалтад Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей, Монгол цэргийн музей, Уран зургийн галерей, Соёлын өвийн төвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, аймгийн музейнүүд хамрагдсан байна.

УМХГ-аас /хуучин нэрээр/ 2007-2008 оны музейн сан хөмрөгийн улсын тооллогоор “Сэргээн засварлах боломжгүй, хэт муудаж гэмтсэн, үзмэрийн шинж чанараа алдсан ан амьтан, өвс ургамлын хатаамал, хорхой шавьжны цуглуулга, бие даан үзмэр болж чадахгүй, бэлэг дурсгалын зориулалтаар үйлдвэрийн аргаар олон тоогоор хийгдсэн үзмэр, эд зүйлсийг тухайн музейн улсын тооллогын салбар болон төв комиссын саналын дагуу Соёлын яамны сайдын /хуучин нэрээр/1990 оны 335 дугаар тушаалаар батлагдсан “БНМАУ-ын музейнүүдийн сан хөмрөгийн тоо бүртгэл, эрдэм шинжилгээний тодорхойлолтын заавар”-ын 10.1, Музейн үйл ажиллагаанд тавих шаардлага. МNS 5634:2006.Монгол Улсын стандартын 12.4.14, 12.4.15 дахь заалтуудыг үндэслэн улс, аймгийн 27 музейн сан хөмрөгөөс нийт 4951 ширхэг үзмэрийг актлах, 25 музейн цуглуулгын чиглэлд нийцэхгүй, үзмэрийн шинж чанар, ач холбогдол багатай, сан хөмрөгт нь олон тоотой байгаа 18825 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг бусад музей, орон нутаг судлах танхим болон холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж, музейн сан хөмрөгийн бүтцийг чанаржуулах арга хэмжээ авах шаардлагатай” байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлтийг БСШУ-ны сайдад хүргүүлсэн билээ.
БСШУЯ улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнг 2008 оны 12 дугаар сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн “Улсын тооллогын мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын хуралдааны 80 дугаар тэмдэглэл, БСШУ-ны сайдын 2008.11.24-ны 94, 95 тоот тушаал гарч, “Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2009-2013/ батлан ажиллаж байна.
Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолын 4-д “2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлт гаргуулж, актлан устгах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо/Д.Сугар/, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт үүрэг болгосны дагуу БСШУ-ны сайдын 2009.02.10-ны өдрийн 50 тоот тушаалаар томилогдсон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ахлагчтай ажлын хэсэг музейн сан хөмрөгөөс хасах эд өлөгийн зүйлстэй танилцсан байна.
Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Соёлын өвийн төв, Үндэсний музей хамтран 2009 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-ны өдрүүдэд “Үзмэр шилжүүлэх, солилцох үзэсгэлэн” зохион байгуулжээ. Үзэсгэлэнд нийт 16 музей 9575 ш үзмэр авчирч оролцон, үүнээс 5419 ш үзмэрийг шилжүүлж, 4156 ш үзмэр үлдсэн байна. Үзмэрээ авчирч оролцсон 16 музей бусад газруудаас 1045 ш, үзмэр авах зорилгоор оролцсон улс, аймгийн 9 музей, Соёлын өвийн төв, хувийн 1 музей, 3 байгууллага, 11 сүм хийд бүгд 25 байгууллага 4375 ш үзмэр, нийтдээ 5420 ш үзмэр шилжүүлж авчээ.
БСШУ-ны сайдын 2008.11.28-ны “Улс, аймгийн музейн улсын тооллогын дүнгийн мөрөөр авах арга хэмжээний тухай” 94 тоот тушаалаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2.3, Засгийн газрын 2007 оны 11-р сарын 7-ны өдрийн хуралдааны 53 дугаар тэмдэглэл, Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын нэгдсэн дүнг үндэслэн “Улс, аймгийн музейн сан хөмрөгөөс сүм хийдэд болон бусад байгууллагад гэрээгээр үзмэр эзэмшүүлэх үйл ажиллагааг 2008 оны 12-р сарын 1-нээс эхлэн таслан зогсоохыг бүх музейн захирал нарт үүрэг болгож, улсын тооллогоос өмнө сүм хийдүүдэд эзэмшүүлж байгаа шашны эд өлгийн зүйлийг газар дээр нь үзэж үнэлгээ, дүгнэлт өгөх шинжээчийн багийг томилон ажиллуулжээ. Ажлын хэсэг 7 музейгээс 10 сүм хийдэд ашиглагдаж байсан нийт 3601 үзмэрээс 404 үзмэр үрэгдсэн болохыг тогтоож, 1195 үзмэрийг музейн сан хөмрөгтөө авах, сүм хийдэд 2002 үзмэрийг бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрлээ.
1. 2008 оны улсын тооллогын дүнгээр музейн сан хөмрөгөөс хасах эд хөрөнгийн талаар Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй байсан тул шалгалтын явцад зөвлөгөө өгч, шийдвэр гаргуулах арга хэмжээ авсан байна.
2. БСШУ-ны сайдын 2009 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 50 тоот тушаалаар томилогдсон Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ахлагчтай ажлын хэсэг музейнүүдийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн музейн сан хөмрөгөөс хасах эд өлгийн зүйлийг актлах ажлыг 2009 оны гуравдугаар сарын 10-ны дотор зохион байгуулах заалтыг хэрэгжүүлээгүй,
3. Улс, аймгийн музейнүүд 2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор хулгайд алдсан, дутсан, солигдсон нь тогтоогдсон 3000 гаруй үзмэрийг нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй,
4. Театрын музейн сан хөмрөгөөс дутсан зураач Г.Төмөр-Очирын “Багшийн хөрөг-Л.Гаваа” уран зургийг 2000 онд холбогдох шийдвэргүйгээр Дорноговь аймгийн музейд шилжүүлснийг, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын даргын 2010 оны 5/713 тоот албан бичгээр тус музейд шилжүүлэх тухай Театрын музейд мэдэгдсэн нь Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага. МNS 5634:2006. Монгол улсын стандартын”–ын 12.4.14,12.4.15 дахь заалтыг,
5. 2009 оны тавдугаар сард Уран зургийн галерейн удирдлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдийг хянан нягтлах шалгалтаар хэсэг Ц.Сүхээгийн “Дугуйлан”, Б.Лхагвасүрэнгийн “Түмний эх” бүтээлүүдийг хуулбар мөн болохыг тогтоосон байна. Мөн улсын тооллогоос хойш, гал гархаас өмнөх хугацаанд галерейн сан хөмрөгт хадгалагдаж байсан Б.Чогсом “Улаанбаатар”, М.Цэмбэлдорж “Сүүдэрт”, .Гаваа” Туул гол”, “Уул” Ц.Жамсран “Хараагийн хөндийн судалбар”, М.Бүтэмж “Эрдэнэтийг дархлагчид”, Н.Амгаланбаатарын “Өглөө”, До.Болдын “Зохиомж, Ц.Нарангэрэлийн “Төв цэцэрлэг” гэсэн 9 ширхэг бүтээл дутсан нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15.2. 2 дахь заалтыг тус тус зөрчиж байна.
2008.07.01-ны олон нийтийг хамарсан үймээний үеэр гарсан гал түймэрт өртсөн Уран зургийн галерейн Уран зургийн сан хөмрөгийн тавиуруудыг бүрэн шинэчлэх, бүх талбайг цэвэрлэх зэрэг барилгын засвар 2009 оны 2 сард хийгдэж дууссан. Гэтэл 2009 оны тавдугаар сарын 19-ны үүрээр сан хөмрөгт гал гарч тэнд хадгалагдаж байсан 966 бүтээлээс 33 ш гэмтэж, 88 ш түлэгдсэн, 78 ш бүрэн бус шатаж, 661 ширхэг нь цэвэрлэж сэргээн засварлуулах шаардлагатай болж, 102 ш бүрэн шатсан байна. Монголын дүрслэх урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг алдартай бүтээлүүдийн нэг болох Г.Одонгийн /1971 он/ “Эх нутгийн дууль” бүрэн шатаж, Д.Амгалангийн /1979 он/ “Говийн эгшиг” зэрэг бүтээл тал шатсан байжээ.
Энэхүү гал түймэрт Галерейн 102 дэсийн 102 бүтээл, мөн сан хөмрөгт түр хадгалагдаж байсан гадаадын уран бүтээлчийн 3, зураач Өсөхбаярын 1 бүтээл нийт 106 бүтээл бүрэн шатаж үрэгджээ.
Музейнүүдийн Өмч хамгаалах байнгын зөвлөл Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31.3.1, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоол, Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага. МNS 5634:2006. Монгол Улсын стандартын 12.4.14,12.4.15 дахь заалтуудыг үндэслэн УМХГ-ын улсын байцаагчийн 2008.11.28-ныУлс, аймгийн музейнүүдийн ерөнхий бүртгэлээс үзмэр, эд зүйл хасах тухай” 03/30/3970 тоот дүгнэлтэд шилжүүлэхээр тусгагдсан үзмэрүүдээс үлдсэн Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музейн 1832 ширхэг үзмэр актлахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна гэж үзжээ.
Мөн Богд хааны ордон музейн 11 ш, Монголын театрын музейн 324 ш, Чойжин ламын сүм музейн 16 ш Монгол цэргийн музейн 6 дэсийн 263, Уран зургийн галерейн 193 ш ширхэг үзмэрийг Эрдэнэ-зуу музей, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн музейгээс өөр байгууллагад шилжүүлээд үлдсэн 657 ш, нийт 1464 ширхэг үзмэрийг музейнүүдэд сан хөмрөгийн туслах болон аж ахуйн дансанд бүртгэн, үзмэр сэргээн засварлах, сургалт сурталчилгаанд хэрэглэхээр шийдвэрлэсэн байна.
Шалгалтын хэсэг БСШУЯ-наас музейн сан хөмрөгийн заавар, стандарт, музейн үзмэрийг сэргээн засварлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмуудыг яаравчлан боловсруулж, тэдгээрт үзмэрийн шилжилт хөдөлгөөний асуудлыг тодорхой тусган, музейн дотоод хяналтыг чангатгаж, үзмэрийн шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарч, монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хариуцлага тооцох, нөхөн төлүүлж, музейг хохиролгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, Музейн бие даасан хуультай болох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1 дэхь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.
Хурлаас улс, аймгийн музейн сан хөмрөгийн 2007-2008 оны улсын тооллогоор шилжилт хөдөлгөөн хийгдсэн үзмэрийн тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж Төрийн өмчийн хороо, БСШУЯ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

No comments:

Post a Comment